Хаврын өнгө (Зураглал)
Эгцлэн тусах нар илчээ нуув уу гэлтэй хаврын эгэл өдөр цаанаа л нэг жиндүү. Хүн бүр дор дорноо гараа халаасандаа хийн хаа нэгтээ очихоор яаран яаран алхална. Гэсэн ч удахгүй урин дулаан цаг ирнэ гэсэн бодлыг өвөрлөсөөр дулаан хувцсаа нимгэнээр сольжээ. Цэнхэр болон шар өнгөөр алаглан харагдах хүүхдийн тоглоомын талбайн ойр орчимд налайн суух хүмүүс харагдана. Өглөөний цэнгэг агаарт хөгшид, буурлууд салхилахаар гарч иржээ.
Нэг нэгээр цугласаар тойрон суун хууч хөөрөх энэ хүмүүс өглөөний хүйтнийг үл тоох мэт тухтай харагдах юм. Нүүрэнд нь суусан үрчлээ, тулсан таяг, зүүсэн нүдний шил гээд өндөр насыг насалсан тэдний яриа цөм өөрсдийнх нь түүх. Идэр залуу насандаа их хотын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон явсан түүхээ ам уралдан бусдадаа ярих нь сонирхууштай. Үд өнгөрөн өдрийн дулаан агаар ноёлоход тоглоомын талбайн захад байрлах саравчинд нэгэн эмэгтэй хүүхдийн тэрэг түрсээр ирж суулаа. Ажвал араас нь нэгэн бага насны охин ээжээ, ээжээ... гэсээр гүйн ирэв. Хаврын сэрүүнд хүүхдүүдээ дааруулахгүй гэж тэр эмэгтэй байн байн хувцаснуудыг нь шалган харна.
Том охиноо ахин ахин дуудаж өмд, цамц, курткыг нь засан өгч ороолтыг нь ороож өгч харагдана. Биеийн тамирын өмд, цамц өмссөн байх нь хөдлөхөд нь их л эвтэйхэн. Үсээ хоёр хуваан сүлжжээ. Хаврын салхинд алзахааргүй зузаан ороолт ороож, түүнтэйгээ ижилссэн малгайтай байна. Охин аль тоглоомоор дээр очин тоглохоо мэдэхгүй байх шиг ийш тийш инээн гүйж харагдав. Нэг тоглоомыг сонгох шиг боллоо. Тоглоомын талбайн яг голд байрлах бяцхан гулгуурын шатаар авиран хамгийн оргил хэсэгт гарч зогсонгуут ээжээ, ээжээ... гэж дуудсаар ээж нь түүнийг харахад зорилгоо биелүүлсэн мэт нүүр дүүрэн инээмсэглэлээ тодруулсаар гулсан бууж ирнэ.
Яг энэ үйлдлээ давтсаар л. Хичнээн олон удаа давтан тоглосоор байсан ч охин тэр тоглоомыг яг л анх удаа тоглож байгаа мэт догдлох нь хажуугаас харсан хэн бүхэнд баясгалантай харагдах аж. Хүссэнээ хийж байгаадаа тун жаргалтай. Хэзээ ч зогсохгүй мэт тоглоно. Магадгүй тэр бяцхан охины хувьд цаг хугацаа зогссон мэт. Хаврын энэ жихүүн өдрийг инээд хөөрөөрөө бялхааж дулаацуулах шиг. Удаан хаврын салхинд тоглон гүйснээс болж хоёр хацар нь час улаан хоёр алим тавьчихсан юм шиг улаа бутарна.
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим II түвшний оюутан Б. Амина