Бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг хориглов
Засгийн газрын өнөөдрийн /2019.04.03/ хуралдаанаар багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр зарим шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулах, Багш нарыг орон нутгийн Засаг захиргаанаас зохион байгуулж байгаа төрөл бүрийн ажилд татан оролцуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглож, төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулахад сурагчдаас төлбөр, хураамж авахыг хориглох шийдвэр гаргасан байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна.
Харин цэцэрлэг, бага ангийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулахыг дэмжинэ. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна” гэсэн юм.