АНУ-ын Конгрессын танхимын гишүүдтэй зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд АНУ-Мексикийн хилийг хаахад 100 хувь бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдсэн байна.
Д.Трамп АНУ-ыг зорьсон хууль бус цагаачдын урсгалыг хянахад хувь нэмэр оруулахгүй байгаад Төв Америкийн Гондурас, Гватемал, Эль Сальвадор улсыг зэмлэн буруушаагаад, тус улсуудад үзүүлдэг тусламжаа зогсооно хэмээн анхааруулжээ.
“Өмнөд хилийг хаах нь “хамгийн сайн шийдвэр” байж магадгүй. Ардчилсан намын төлөөлөгчид бидэнд үүнээс өөр сонголт үлдээхгүй байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мягмар гарагийн өглөө мэдэгдсэн байна.
Д.Трамп болон С.Сандерсын хэн нь ч хилийг хэзээ хаах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч энэ долоо хоногийн эхээр хааж магадгүй талаар Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм.
АНУ руу нэвтрэх хууль бус цагаачдын тоог бууруулах нь Д.Трампын кампанит ажлынхаа үеэр ард иргэддээ өгсөн гол амлалтуудын нэг юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Д.Трамп цагаач хүүхдүүдийг чиглэсэн хөтөлбөр, хилийн хана болон цагаачлалын бодлогыг шинэчлэх зэрэг асуудлаар Ардчилсан намын гишүүдтэй санал зөрөлдөж байгаа билээ.