Орос-Японы стратегийн яриа хэлэлцээний 15 дахь үе шат хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд өнөөдөр Японы нийслэл Токио хотод болно. ОХУ-ын талаас Владимир Титов, Японы талаас Такэо Акиба хэлэлцээнд оролцоно.
Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, удахгүй хийх уулзалтын үеэр талууд олон улсын сэдвүүд болон хоёр орны стратегийн ашиг сонирхлыг төлөөлөх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Японы гадаад бодлогын байгууллага илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Стратегийн яриа хэлэлцээний шинэ үе шатыг явуулах товыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёрдугаар сард Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой хэлэлцээ хийхдээ мэдэгдсэн билээ. Ээлжит хэлэлцээний бэлтгэлийг хангах асуудлыг Владимир Титов ОХУ-д суугаа Японы Элчин сайд Тоёхиша Козуки өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн байна.
Хоёр орны Гадаад хэргийн тэргүүн дэд сайд нарын түвшинд стратегийн яриа хэлэлцээг 2007 оны нэгдүгээр сараас хийж эхэлсэн байна. Ийм хэлбэрээр хийсэн хэлэлцээ хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Москва хотод болжээ.
Дэлхийн II дайны дараа найрамдлын гэрээ байгуулах зорилгоор Москва болон Токиогийн хооронд хийж буй хэлэлцээ олон арван жил үргэлжилж байгаа билээ. Ийм хэлэлцээр байгуулахад учирч буй гол саад бэрхшээл бол Курилийн арлуудын өмнөд хэсгийн харьяаллын асуудал юм. Дайн дууссаны дараа Курилийн бүлэг арлыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан боловч Итурупа, Кунашира, Шикотана болон хүн оршин суудаггүй жижиг арлуудыг Япон улс өөрийн эзэмшлийнх гэж мэдэгдсээр байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ