Кола ба барууны ертөнцийг зүхэх хөдөлгөөн
Баабар “Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдал”-ын үнэн түүхийг цувралаар бичиж нийтийн өмнө дэлгэж байна. Ардчиллын буянаар бид дэлхийтэй хөл зэрэгцэн алхдаг болоод хорь гаран жил боллоо. Мэдээж гадаадын болгон сайн гэх гээгүй. Гэвч шинэ хандлагыг үгүйсгэгч ялангуяа “барууны” гэсэн хаягтай болгоныг царцаах гэсэн оролдлого сүүлийн үед илт анзаарагдах болсон.
Барууны ч бай хоёр хөршийнх ч бай ер нь гадаадын хөрөнгө оруулалтын талаар зүгээр л танин мэдэхүйн чанартай үнэнийг өгүүлэх төдийд цөөнгүй уншигч илт сандарч тэвдэн хараал зүхлээ харамгүй урсгах нь хачирхалтай. Нээрэн цаана нь хөрш гүрнүүдийн явуулга, түүний гар хөл багагүй байгаа мэт хар сэр төрж байна.
Монголын ХХ зууны түүхийг уншиж байхад бид бусдын адил ууж идэж, өмсөж зүүхийг ямагт тэмүүлж ирсэн байдаг. Тэр тоолонд хуучинсаг үзэлтэй эцэг эх биш өөр эх сурвалж эсэргүүцэн болиулсаар ирсэнийг төдийлөн анзаардаггүй. Нэгэнт орж ирээд дасчихвал салахаа байж мэдэх гадаад ертөнцийн бараа таваараас бид хэн нэгний ятгалгаар зайгаа барих ёстой юм уу? Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг далимдуулах сиймхийг ашиглах замаар янз бүрийн сурталчилгаа ятгалга газар авч иргэдийг дараа нь эрх баригчдыг эргэлзээнд оруулж байна. Ер нь аливаа юмыг бүтээхээс нураах нь хамаагүй хялбар аж. Нөгөө талаар хүмүүс орчин үед аливаа зүйлд маш амархан үнэмшдэг болчихсон ч юм шиг. Зүгээр л дэлхий сөнөнө гээд давталттай хэд мэдээлэхэд л лаа олдохоо байж, эсгий гэр үнэд оров шүү.
Иймэрхүү жишээний нэг хувилбар бол “Кока-Кола” юм. Аль 1886 онд буюу орчин үеийн техникийн хөгжилтэй хамт мэндэлсэн уг хийжүүлсэн ундаагаар угжуулж үзээгүй хүн одоо дэлхий дээр бараг үгүй дээ. “Кола”-г хүн төрөлхтөн тав зургаа дахь үедээ ууж байна уу даа. 127 жил үйл ажиллагаагаа явуулах зуураа амт найрлагаа төдийлөн өөрчлөөгүй өнөөдрийг хүрсэн гэхээр овоо шалгарсан эд юм уу гэж бодогддог. Харин бид “Коланд донтоод” ердөө хорь хүрэхгүй жил өнгөрчээ. Хүмүүс олон төрлийн хоол унд хэрэглэж улмаар насжилт уртассан, үүнтэй хамт Кока кола ч үүссэн. Гэхдээ коланы буянаар эрүүл саруул болсон гэх гээгүй. Сүүлийн зуу гаран жилийн турш маш олон хүнс бүтээгдхүүн мартагдаж, мөн шинээр бий болсоор байхад Кока-Кола бүр анхныхаа хувилбараар үйлдвэрлэгдээд байдаг нь сонирхол татдаг. Бодвол бишгүй л шүүмжлүүлж байсан байх. Эрт дээр үед дэлгэрсэн тамхи зэрэг хорт зуршлын гайг хожим эрдэмтэд таниж мэдсэн ч одоо болиулах боломж маш хэцүү байдаг. Харин шинээр элдэв дон дэлгэрвэл бага дээр нь таслан зогсоох тал дээр улс орон бүр сэрэмжтэй ханддаг болжээ. Үүний дагуу генийн өөрчлөлттэй хүнс, Чернобыл хавьд ургуулсан ногоо цагаа, меламинт сүү тараг гээд олон бүтээгдхүүн хоолны жагсаалтаас хасагдсаар байна. Харин кока кола-г тэгнэ ингэнэ гэсэн юм монголоос өөр газар сонсоогүй.
Саяханаас манай олон нийтийн зүтгэлтнүүд хийх ажилтай болж “Кола”-тай тэмцэхээр болжээ. АНУ-ын Атлантад төвтэй дэлхийн 200-аад оронд салбартай бас үйлдвэрүүдээ байршуулсан үнэхээр дийлдэхээ өнгөрсөн луг байгууллага бол “Кока кола”. Энд монголд хорилоо ч хаашаа л очно тэнд орос хятадад ч пиг кола зарагдаж байгаа.
Манай мэдээллийн хэрэгсэлээр ятгаж байгаагаар бол кола нь хортой, чихэртэй, таргалуулдаг, шүд ам цоолдог аймшигт ундаа тул битгий уу, хүүхдэд үзүүлж болохгүй гэжээ. Молоког орос эхнэрийн сүүгээр хийсэн гэж ухуулаад болиулахыг оролдсон шиг юм болж байна. Кока кола-г америк авгайн сүүгээр хийсэн тул хар хүрэн өнгөтэй гэх нь л дээ. Манай кола-тай тэмцэгчид ДЭМБ, болон бусад эмч нарын яриа мэдэгдлийг гул барьдаг болохоор нээрэн ч онцгүй эд юм биш байгаа хэмээн эргэлзэж сонирхон сурвалжилсан юм.
Ундааны салбарын бизнесийнх нь өрсөлдөгч болов уу гэмээр цөөн тооны эсэргүүцэгчдээс өөр муу хэлээд байгаа газар олдсонгүй. Эмч нар болохоор “Ганц кола ч биш бусад хүнсэнд байдаг “гурван цагаан”-ыг хэтрүүлэх юм бол ялгаа байхгүй дэмий” гэж байна. Харин Кока-Кола-ны хувьд гадуур муу ч гэсэн юм алга, сайн ч гэсэн юм алга.
Тэгвэл яагаад энэ дэлхийн хүмүүс 127 жилийн турш уугаад ирж болоод байгаа юмыг монголчууд амсаж болохоо байчихав. Одоо бүр энэ талаар тамхинаас нэг их дутахааргүй хууль санаачилж монголд үйлдвэрлэхгүй, нэвтрүүлэхгүй, уулгахгүй, бүр мөсөн хориглох тухай саналаа төрийн өндөрлөгүүдэд өгөөд байгаа юм гэхчив.
Сонирхуулахад Кола хэзээ ч “Эрүүл мэндэд сайн, амин дэмээр бүтэн өдрийг хангана...” гэхчилэн өөрийгөө ерөөсөө магтаагүй ирсэн нь сонирхол татдаг. Мөн рекламандаа алдартнуудын нэрийг ашигладаггүй харин ч од бологсод кола-гоор өөрийгөө гаргаж ирдэг урвуу сурталчилгаатай. Кола-ны үйлдвэрүүд хэрэглэгчид ялангуяа хүүхдийн байгууллагууд өөрсдөө хүсэлт гаргаагүй тохиолдолд тэнд очиж бараа таваараа сурталчилдаггүй, тэр бүү хэл үйлчилдэггүй тийм журамтай юм билээ. Кока-Кола-г уувал яачихдаг юм гэсэн асуултанд хөндлөнгийн бүх эксперт “Яах ч үгүй. Гагцхүү хэтрүүлбэл бусад хоол хүнсний адил таны биеэнд илүүдэх нь тодорхой” гэв.
Жишээ нь чихэрлэгийн тухайд гэхэд сахар биенд, глюкоз нь уураг тархины инергийг хангах анхдагч эх сурвалж болно. Чихэр нь цаашаа бодисын солилцоонд орохоороо зөгийн бал ч ялгаагүй, чихрийн нишинги, эрдэнэ шишээс гаргаж авсан ч организмд адилхан нэг л үйлчилгээ үзүүлнэ. Гагцхүү хэтрүүлсэн үү тохируулсан уу гэдэгт л гол шалтгаан оршино. Бүх л кола-ны үйлдвэрүүд\ Монголд ч ялгаагүй\ дээд зэргийн элсэн чихэр ба чихэр орлуулагч үйлдвэртэй хатуу гэрээ хийн зөвхөн түүнээсээ баталгаатай бүтээгдхүүн нийлүүлдэг гэнэ. Түүнээс дурын дэлгүүрээс сахар барьж ирээд хутгаад сууж байдаг жижиг гар биш аж.
“Кола”-даад ясны сийрэгжилд ордог гэхийн тухайд баримт олддоггүй. Яс сийрэгжихийг анагаах ухаан өөрөөр тайлбарладаг. Товчхондоо кальц, Д витамин хоёр дутагдсанаас шүд цоорох, яс хэврэгшин бэртэмтгий болдог. Кола-ны найрлаганд кофейнь, фосфор байдаг болохоос кальци буюу давс байхгүй. Энэ нь яс сийрэгжүүлээд байгаа биш сийрэгжсэн ясыг бэхжүүлэхэд кола уух нэмэргүй төдий гэсэн үг. Дашрамд дурдахад хүн тогтмол дасгал хөдөлгөөн хийх дамаа тодорхой хэмжээгээр штанги өргөдөг бол яс барагтай бол хэвийн бат бэх чанараа алддаггүйг өөрийн биеэр нотлох байна. Эмч нар бол кофейн ба кальц хоёроо тэнцүүхэн хэрэглэ гэж зөвлөдөг. Яс бэхжүүлэх кальцийн төрлийн өчнөөн бэлдмэл гараад ирчихсэн.
Таргалалт бол өнөө цагийн гамшиг мөн. Мөн л хөдөлгөөний дутмагшилаас үүдэлтэй. Илчлэг буюу калори ихтэй хүнс биед илүүдэн хуримтлал үүсгэдэг. Өөх тос, уураг, спирт, нүүрс ус бүхий хүнс хааяагүй байна. Хамгийн энгийн жишээ бол үхрийн өөх алагласан хавиргыг тосыг нь савируулан идчихээд огт хөдлөхгүй хэвтээд байвал мяраалаг болох нь ойлгомжтой. Тэгэхээр оюуны болон биеийн хүчний ажил бага хийж байгаа бол ходоодны өлсөх мэдрэмжээ дарах зорилгоор илчлэг багатай өөхгүй, чихэргүй, давсгүй нэг тийм амнаас унахаа алдсан хоол идэж л жингээ барина. Кола-ны үйлдвэр янз бүрийн хүмүүст зориулж илчлэг багатай бүр илчлэггүй ундаа хүртэл үйлдвэрлэдэг. Тэгэхээр кола-тай тарган туранхайн асуудлаар хэрүүл хийх боломжгүй. Хариуцлагтай хүнс үйлдвэрлэгчид барааны шошгон дээрээ калори, илчлэгийнхээ хэмжээг заавал бичсэн байдаг. Хэрэв өөрийнхөө өдөр тутам авах калорын хэмжээг мэдээд авбал юу идэж уухаа тохируулчихдаг юм л даа.
Кола-ны уруу татуулдаг нэг нууц бол нүүрсхүчлийн хийгээр ундааг хачирласан явдал. Нүүрсхүчлийн хий гэдэг нь нэг үгээр бол амьсгалчихсан агаар гэсэн үг. \Үүгээр амьтан биш ургамал “амьсгалдаг” тухай сургуульд заалгасан\ Хүн өдөрт багагүй хэмжээний ус уух зохистой байдаг. Гэтэл цэрийтлээ уугаад байх дуршил төрж өгдөггүй. Харин ч кола ууснаар хэрэгцээт шингэнээ таатай нь аргагүй нөхдөг сайн тал бий. Кола-ны 85-99 хувь нь уснаас бүрддэг ба хий нь савны таг онгойх агшинд ихэнх нь гараад явчихна. Хий ундааны хамт ходоодонд орсон ч ямар нэг гаж нөлөө байхгүй. Сайндаа л хэхрэх болохоос талх исэх лугаа арьс махан завсар ороод хөөлгөх шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
Эцэст нь хэлэхэд “Кока-Кола”-г хамгийн хариуцлагтай компани гэдэг. Дэлхийн зах зээлд ямагт тэргүүлэгч байранд явдаг барууны энэ брэнд бүтээгдхүүн яаж ч бодсон урд зүгийн пийжүү, хойноос ирдэг квасаас хулхи л байв гэж. Хэрэв бид кола-наас татгалзвал эд биднээр ер дутахгүй. Буцаад гараад л явчихна. Харин оронд нь хуурамч бүтээгдхүүн орж ирэх, зохиомол үнэ хөөрөгдөх зэрэг зохисгүй үзэгдэл газар авч мэдэх юм. Ер нь хэн ямар учраас барууны гэсэн болгоныг монголоос хөөж туугаад биднийг вакуум дотор хөмөрсөн тогоонд хийх гээд байдаг юм бол?