Бусдад эрх чөлөөг олгоё
Ямар ч хүний эрх чѳлѳѳ нь бусдын эрх ашгаар хязгаарлагддаг. Эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийн эрх ашгийг огоорон, зѳвхѳн ѳѳрийн дур хүслээ бусдад тулган дарамталж эхэлбэл юу болохыг тѳсѳѳлж байна уу? Адгууслаг дарангуйлагчид ингэж л бий болдог.
- Чи яагаад хүнтэй суухгүй байнаа, амьдрал чинь оройтлоо. Би сайн хүнтэй танилцуулж ѳгѳх үү?
- Чи түүнтэй яах гэж найзлаад байгаа юм бэ? Цаадах чинь новшийн амьтан шүү дээ
- Хѳѳх, чи чинь юугаа ѳмсчихѳѳ вэ? Хурдан тайлаад миний энийг ѳмс
- Чи сая түүнтэй маш буруу ярилаа. Ингэж ярих байсан юм
- За сүртэй ш дээ. Бусад нь бүгдээрээ хулхидаж болоод байхад чи шударга байлаа гээд юугаа хожих юм бэ?
- Ингэж дорой амьдрахгүй ээ найз аа. Энэ амьдралд овсгоотой, зальтай нь хождог юм шүү дээ
- За наадах хундагатайгаа уучих аа. Амьдралд зугаа цэнгэл хэрэгтэй, ганц л олдоно шүү дээ
- Чи зүгээр миний хэлснээр л амьдарчих, хожим харамсахгүй дээ
- Хнн, үнэнч сэтгэл л гэнэ. Мѳнгѳгүйгээр наад үнэнч сэтгэл чинь хаа холдох юм
Энэ ертѳнцѳд хүн болгон ѳѳр ѳѳрийн тавилангаа үүрч ирдэг гэдэгт би итгэдэг. Хүн хүнийх ѳѳр ѳгѳгдѳлтэй. Тэгэхээр заавал адилхан байх албагүй. Харин монголчууд бид ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ хамгийн зѳв гэж итгэхдээ бусдыг ѳѳртэйгээ адилхан байлгах гэж шаарддаг. Чухам эндээс л бидний харилцааны зовлон эхэлдэг юм даа.
Бид ѳѳрийгѳѳ мундаг, ухаантай, сэргэлэн гэж бодохдоо бусдыг ѳѳртэйгээ адилхан байгаасай гэж хүсдэг байж магадгүй.
Гэхдээ тэр хүн ч бас ѳѳртѳѳ хайртай, ѳѳрийн санаа бодолдоо үнэнч гэдгийг анзаардаггүй.
-Чи ингэж явж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ
-Чи ингэж ярьж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ
-Чи ингэж хийж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ
Олон гэр бүлүүд сүргийн сэтгэлгээгээрээ “бусдад муу хэлүүлэхгүй” гэж ах дүү хамаатан садангуудаа дарамталдаг. Яг л сүргээ хурааж буй азарга мэт.
Харин тэдний сүрэгт хайр сэтгэл, итгэлээрээ нэгдэн орж ирсэн хүргэн, бэрүүдэд энэ нь дарамт болон тусдагийг та нар анзаардаг уу? Гэр бүл болгон ѳѳрийн хаалгатай. Тэр хаалганы цаана мѳнѳѳх гэр бүлүүдийн эрх чѳлѳѳ оршиж байдаг.
Хэн нэгэн хаалга бүрийг нээн хянаад, зандчаад, шаардаад явбал юу болох бол? Олон гэр бүлүүдийн зѳрчил маргаан ингэж эхэлдэг.
…Хэрвээ анзаараад харах ахул сошиал орон зайн хийрхэл солиоролд яг энэ үзэгдэл давтагддаг. Ямарваа мэдээлэлд ядахнаа хоёр талд нь харьцуулалт хийх боломж олгохгүйгээр хамгийн бусармаг муу үйлдэлд уриалан турхирдаг хүмүүс цѳѳн биш бий. Харьцуулалтгүй хальт мѳлт дүгнэлтээ шүлс мэт тургилж, хамтдаа үзэн ядахыг бусдад тулгана.
Хэрэв жаахан эргэцүүлэн “юу билээ?” гэж эргэлзвэл тэд үзэн ядаж, урж тасдахаас ч буцахгүй. Багадаа “манай тал”, “дайсны тал” гэж талцан тоглож байгаад дандаа ялагдаж байсан хорслоо тайлж буй мэт надад санагдаад байдаг юм.
Энэ сэтгэлгээг ашиглан зарим улстѳрчид “Хѳлсний бичээч” дийг бэлтгэн, зорилготойгоор турхирч байгаа нь нууц биш бололтой. Ямар ч асуудалд ядаж дѳрвѳн талаас нь эс гэхэд хоёр талаас нь ч болов харьцуулан эргэцүүлэх эрх хүн болгонд буй. Түүнийгээ үндэслэлтэйгээр хуваалцаж байж ҮНЭН ий хэмжүүрт ойртож очно.
Мэдээллийн Технологи асар хурдацтайгаар хѳгжиж буй энэ цаг дор хүн болгон ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх эрх бий. Хэрэв бид үүнийг ухаалгаар ашиглаж чадвал Монголын улс тѳр хийгээд нийгэмд эерэг сайн ѳѳрчлѳлтийг авчирч чадна гэдгийг анзаарч байна.
Тэгэхээр монголчууд бид хѳѳрүү амьсгаагаа жаахан дарах хэрэгтэй болж байна. Бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж, мэдээлэлд ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх боломжийг олгож, алив асуудалд арай бодитой хандаж баймаар.
Социализмын үед “Сайд ялаа хоёрыг сонингоор алж болдог” байсан бол энэ эрин үед “Хэнийг ч сошиалаар алж бас аварч чадах” болжээ. Ядаж хэдүүлээ жаахан ухаантай байх сан даа.
Энэ ертѳнцѳд хүний биеийг олж тѳрсѳн бодьгал бүхэн ѳѳрийн ѳгѳгдѳлтэй. Заавал ухаантай мундаг байх албагүй ч заавал усан тэнэг байх ч албагүй.
Хүн болгон энэ амьдралд ѳѳрийн жаргал зовлонгоо ѳѳрийнхѳѳрѳѳ л бүтээдэг. Хийсэн муу үйлийнхээ горыг ѳѳрѳѳ эдэлж, сайн үйлээ бусадтай хуваалцаж байх учиртай.
Тэгэхээр хүн болгон ухаантайгаар хувиа хичээж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах бусдын эрх чѳлѳѳг хүндэтгэж байж ёстой юм шиг…Яахав дээ, алдвал алдаж л байг, тѳгс амьдрал гэж үгүй.
Харин алдаагаа ухаарал болгон ѳѳртѳѳ шингээхэд чиний сайхан сэтгэлийн дэмжлэг хэрэг болж магадгүй. Зүгээр л хүн болгоныг байгаагаар нь ойлго, бас байгаагаар нь хайрла. Бусдын хайрыг хүндэлдэг шигээ бусдын эрх чѳлѳѳг ч хүндэл. Энэ ертѳнцѳд энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа болохоор бие биенээ л хайрлахад болоо доо.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах