Модун Шаньюү ба Бэгтэр
"Юуг орхиж , юуг хаяж байж
олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ"
Далай лам
Кристофер Колумб 1492 онд Америк тивийг нээснээр Европчууд шинэ тив уруу цувж эхэлжээ. Ингээд Хойд Америкт XVII дугаар зууны дунд үе гэхэд Их Британи 13 колони мужтай болсон байв.
1763-1775 онд Их Британийн Жорж III хаан хэд хэдэн шинэ тогтоол гаргаж колони мужуудаас авах татвар татаасыг нэмжээ. Гэтэл колони мужуудын иргэд Тэмдэгтийн хураамж, Цайны татвар зэргийг эрс эсэргүүцэж, улмаар зохион байгуулалтай тэмцэж эхэлжээ. Ийнхүү татвар, хураамж эсэргүүцсэн хөдөлгөөн даамжирч, Их Британиас салан тусгаарлах бүтэн 8 жил сунжирсан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл болж хувирсан түүхтэй.
Энэхүү тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Сэм Адамс зэрэг хүмүүс зохион байгуулж, удирдаж байжээ. Тэдний дотроос Жорж Вашингтон Их Британийн эсрэг дайнд Америкийн босогчдыг удирдаж байв. Иймээс дайны дараа шинээр тунхагласан АНУ-н анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Тэр үед Ж.Вашингтоныг Их Британийн Жорж III хаан “террорист” хэмээн үзэн яддаг байсан гэдэг. Хэрэв Америкчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Британийн армид дарагдсан бол түүхэнд Жорж Вашингтон "террорист" гэсэн муу нэрээр үлдэх байсан биз ээ.
Гэвч Америкчууд тусгаар улсаа байгуулж, Жорж Вашингтон анхны ерөнхийлөгчөөр сонгогдон, хувь заяагаа өөрсдөө бүтээжээ.
Америкаас эхэлсэн Британийн Колоничлолыг эсэргүүцсэн давлагаа 20 дугаар зууны сүүл хүртэл үргэлжилсэн юм. Хамгийн сүүлд Хойд Ирландын Британиас салан тусгаарлах тэмцэл террорист шинжтэй болж хурцдаж байв.
Энэ үеэс “Таны хувьд террорист гэгдэж буй хүн, магадгүй хэний нэгний эрх чөлөөний төлөө тэмцэгч юм” (One man’s terrorist is another man’s freedom fighter) гэдэг хэлц дэлгэрч эхэлжээ.
Харин “террорист” нэрээр үлдэх үү, “эрх чөлөөний төлөө тэмцэгч” нэрээр алдарших уу гэдэг дараагийн үеийн улс төрийн үзэл суртлын зорилгоос хамааран шийдэгддэг байна.
Тэмцэгч, Баатар хүн гэдэг бол жад, сэлэм, бороохой мэт ажээ. Зэвсэглэсэн хүндээ хамгаалах хэрэгсэл, харин өмнөөс нь сөрөн зогсох хэн бүхэнд гагцхүү аюул занал, айдас үхэл, эрлэгийн элч шиг санагдана.
Өрнийн түүхэнд ийм айдас хүйдэс, мангасын дүрээр түүхэнд үлдсэн хүмүүсээс хамгийн цуутай нь гэвэл яах аргагүй Аттила хаан билээ.
Өрнийн түүх бичлэг Атилла хааныг Ромын эзэнт улсыг мөхөөсөн, Европыг дундад зууны харанхуй үе рүү түлхсэн буруутнаар яллаж, дан ганц өрөөсгөл сөрөг дүрээр бичиж иржээ. Гэтэл сүүлийн үед эерэг нүдээр харьсан судлаачид цөөнгүй бий болов. Тухайлбал, Америкийн зохиолч Вэсс Роберт 1988 “Атилла хааны удирдлагын нууц” хэмээх ном бичсэн гэх мэт.
Хамгийн сүүлд Австралийн их сургуулийн эрдэмтэн Хён Жин Ким “Хүннү ба Ром, Өрнө дахины үүсэл” номоо 2013 онд хэвлэжээ. Доктор. Ким Атилла каталаны талд болсон тулаанд ялагдаагүй тэрээр давуу байрлалд байсан тухай, Хүннүчүүдын улс төрийн зохион байгуулалт маш боловсронгуй байсан тухай, улмаар Өрнийн улсууд түүнийг бүтээлчээр хуулбарласан болох, цаашлаад шинэ Европ буюу Өрнийн иргэншил бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хэмээн үнэлжээ.
Хүннүчүүд хамгийн анх Өрнийн түүхэнд НТ 98 оны үед тэмдэглэгдэж байсан бол, Атиллаг нас барьсан НТ 452 он хүртэл Европт давамгайлж байжээ.
Эрдэмтэд Хүннүчүүдийн уг гарвалийг судлаад Төв Азиас нүүдэллэн ирснийг археологийн болон эх сурвалжийн судалгаагаар нэгэнт тогтоосон.
Харин Атиллийн өвөг дээдэс Төв Азийн Хүннүчүүдийн түүх бол 2300 жилийн чанадаас эхэлнэ. Гэхдээ хамгийн хүчирхэг үе нь НТӨ 209 оноос эхэлсэн юм.
НТӨ 220 онд Хүннүгийн хаан сэнтийд Түмэн шаньюү сууж байжээ. Тэрээр бага хатны ятгалгаар шаньюүн суурийг бага хүүдээ залгамжлуулах санаатай байж. Иймээс том хүү Модунаас салах, алсын бодолтой хөрш Юэчүүдэд (Согд) барьцаанд суулгасан байна. Тэр үед хоёр улс хоорондоо дайн зарлавал барьцаанд байгаа хүнийг шууд хөнөөдөг заншил байжээ. Тухайн үеийн олон улсын харилцаанд тогтсон энэ заншлыг зөрчин Түмэн шаньюу гэнэт Юэчүүд уруу довтолжээ.
Харин цог заль төгс Модун Юэчүүдийн гараас мултарч, нутагтаа ирсэн гэдэг. Модун нэгэнт амьд ирсэн тул Түмэн шаньюү түүнийг аймгийн захирагч болгожээ. Модун хаан ширээ өвлөхгүй гэдгээ мэдсэн, Юэчүүдтэй хийсэн дайны шалтгааныг гадарлах болсон тул өөрийн хүчээр хаан ширээнд суух бэлтгэлээ шуурхайлж өөртөө үнэнч баг бүрдүүлэв.
НТӨ 209 онд нэгэн ав хоморгын үеэр эцэг Түмэн шаньюү зэрлэг суманд сүлбүүлж нас барснаар Модун Хүннүгийн шаньюүгаар өргөмжлөгдсөн түүхтэй. Тэр үед ганцхан Хүннүчүүд дотооддоо бужигнаж байсангүй. Цагаан хэрэмний ар, өвөр аль аль талд дайны гал дүрэлзэж байлаа. Хятадад Лю Бангаар удирдуулсан тариачдын бослого гарч Цин династийг мөхөөж, НТӨ 202 онд Хан династийг байгуулав.
Цинь Шихуанди амьд байхдаа НТӨ 214 онд Хүннүчүүдээс Ордос, Иньшань уул, Хатан голын эрэг орчмын нутгийг түрэмгийлэн авчээ.
Харин Модун шаньюү алдсан нутгаа буцааж авахаар Хан гүрэнд дайн зарласан юм. Сыма Цяны мэдээлснээр НТӨ 198 онд 420 мянган цэрэгтэй Хань династийн арми Хүннүчүүдэд бүслэгдсэний дараа Гаоди хаан Модун шаньюүтай найрамдлын гэрээ байгуулав. Энэ тухай тэр үеийн Хань династийн айлтгалд өгүүлснээр:
“Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюүн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана...Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцсэн хүчирхэг хөрш улс юм...” гэжээ.
Модун шаньюүгийн ингэж арав гаруй жилийн хугацаанд Хүннү улсыг хүчирхэг гүрэн болтол нэгтгэж чадсан нууц нь юунд оршиж байсан юм бол!
Сыма Цяны "Түүхэн Тэмдэглэл" бүтээлийн "Хүннүгийн шамтир""т өгүүлснээр...
Модун эзэн суудалд суух үед Дунху хүчирхэг байжээ. Модунг Шаньюү болов хэмээн сонсоод элч явуулан Модунаас эцэг Түмэний үед агсан аргамаг хүлгийг нь сураглав. Модун хажуудах хүмүүсээсээ асуув. Түшмэд нь:" Аргамаг хүлэг хэмээгч, амин минь бишүү, өгч болохгүй" гэв. Модун "Хаяа тэрлэн амьдарсан айлаасаа хатираа сайтай морио хармална уу" хэмээн уурлан аргамаг хүлгээ өгөв. Байсхийгээд Дунху нар Модунг айн сүрдэв гэж элч явуулан, Модунаас хатнаасаа өг хэмээв. Модун хажуудах Түшмэдээсээ асуув. Зүүн Барууны Түшмэд нь уурлан:"Хар элэгт Дунху нар хайрладаг хатанд минь санааширч байна! Хатгалдая байлдая" гэв. Модун " Хаяа тэрлэн амьдарсан айлаасаа хацар сайтай эхнэрээ хармална уу" хэмээн хатныгаа Дунхуд өгөв. Дунхугийн хаан улам омгорхож барууншаа түрэв.
Хүннүгийн хооронд эзгүй газар буй аж. Хүнгүй эзгүй. Мянга илүү газар гэнэ. Зах хязгаараар нь сууж оторлодог байжээ. Дунху элч явуулан Модунд: "Танай болон манай хязгаарын отрын захад эзгүй газар буй. Та нарын хүч хүрэхгүй. Бидэнд өг" гэв. Модун Түшмэдээс асуув. Түшмэд эмээж:" Энэ эзгүй газар болой. Өгсөн ч болно. Байсан ч болно" гэж өчжээ.
Модун хилэгнэж:" Алд дэлэм газар гэдэг боловч алтан төрийн минь үндэс. Алдаж хэрхэн болох билээ" хэмээгээд өгнө хэмээн зөвшсөнийг үхлийн үүд рүү туув.
Даруйхан моринд мордож, Дайнаас хоцорсныг далд болго хэмээгээд Дунхуг дайлав,гэжээ.
Энэ үйл явдлаас ургуулан Модун шаньюү бол улс гүрний эрх ашгийг хувийн эрх ашгаасаа дээгүүр эрэмбэлж чаддаг хүчирхэг удирдагч байжээ.
Дунху нарын эхний хоёр хүсэлт бол Модун шаньюүн хувийн эрх ашгийг хөдсөн шаардлага байсан боловч тэрээр улс орон, ард түмний амгалан тайван амьдрал, аюулгүй байдлыг өөрийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж, бусдын доромжлолыг хүлцсэн байдаг.
Харин гурав дахь хүсэл бол Хүннү улсын нийтийн эрх ашигт ичгүүр сонжуургүй халдсан тул шаньюүн тас цавчжээ.
Модун шаньюүн хувьд түүний хувийн эрх ашгийг хөндсөн хүн түүний дайсан биш ажээ, Гагцхүү Хүннү улсын эрх ашигт халдсан этгээд нь "гадаад-дотоод" гэлгүй адилхан түүний дайсанд тооцогддог байжээ.
Хүннү гүрэн Модун шаньюүгаас хойш 257 жил оршин тогтноод НТ 48 онд дөрөв задрав. Түүний нэг салаа баруун зүг нүүдэллэн, зам зуураа овог аймгуудыг нэгтгэн урагшилсаар Төв Европт хүрчээ. Ийнхүү хүчирхэг Хүннү улсыг европын зүрхэнд байгуулсан түүхтэй.
Модун шаньюү гэрээслэлээ товч тодорхой ганц өгүүлбэрээр үлдээсэн юм. Модун шаньюу залгамжлагч нартаа сургахдаа “Газар бол төрийн үндэс, тальбин олгож хэрхэн болох билээ!” хэмээжээ.
“Газар” энэ бол хүний түүхэнд дүрэлзсэн бүхий л дайны шалтаг шалтгаан ажээ. Дэлхийн II дайны гал ч газрын маргаанаас эхэлжээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлэн авах зорилгоор 1939 оны 9 сарын 1-нд Адольф Гитлер Польш уруу довтолсон түүхтэй.
Гитлерийн арми 1941 оны зун гэхэд Польш, Норвеги, Голланд, Бельги, Франц, Югослав, Грекийг довтолж, баруун Европын ихэнх хэсэгт хяналтаа тогтоов.
Барууныхан нацист Германтай дайтаж байх хооронд милитарист Япон гүрэн цэргийн ажиллагаагаа өргөтгөж Их Британийн эзэмшил Хонконг, Малайз, Соломоны арлууд, АНУ-ын Пэрл Харбор, Тайланд, Филиппин, Голландын эзэмшлийн Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней зэрэг барууны эзэмшил уруу довтолж байв.
1944 он гэхэд бүх талаасаа бүслэгдсэн Нацист Герман ялагдах нь тодорхой боллоо. Ингээд 1945 оны 2 дугаар сарын 4-нд Холбоотон гүрнүүдийн удирдагч И. Сталин, Ф. Рузвельт, С. Чөрчилль нар Ялтын (Крымийн) бага хуралд цуглацгаав. Тэд дайны дараах дэлхийн дэг журмыг хэлэлцэв. Бага хурал дээр милитарист Японыг хэрхэх тухай тохиролцов. 1945 оны тавдугаар сарын 9-нд ЗХУ болон Холбоотны арми нацист Германыг буулгаж авлаа.
1945 оны 7 дугаар сарын 17-нд Потсдамын бага хурлаар өмнө ярилцсанаа дахин баталж, ЗХУ болон Холбоотнууд хамтран Японы эсрэг дайнд орохоор тохиролцлоо. Ийнхүү Японыг бүх талаас нь бүслэн довтолж эхэллээ.
1945 оны 8 сарын 6-нд америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг хаяж, ЗХУ болон Монголын хамтарсан давшилт Японы цэргийн гол цөм Квантуны армийг бут ниргэлээ.
1945 оны наймдугаар сарын 15-нд Японы Эзэн хаан Хирохита бууж өгснөө зарлав.
Дайны дараа Япон орон бүхэлдээ үнсэн овоолго, үхэл хагацал, уй гашуудалд живжээ. Гэвч энэ гүн уналт, хямралаас маш хурдтай сэргэж өндийсөн юм. Тэр үеийн Японы нийгмийг хямралаас хөгжил дэвшилд хөтөлсөн "гүн ухаан-үзэл санаа" кино найруулагч Акира Куросавангийн уран бүтээлд гүн тусгалаа олсон байдаг юм.
Акира Курасова 1954 онд “Долоон самурай” киногоо бүтээснээр барууны кино ертөнцөд анх танигджээ. Түүний “Долоон самурай” кинонд дундад зууны үеийн Япон орны амьдрал гарах бөгөөд үйл явдлыг товчхон сийрүүлье!
1603 онд Токүгава Иэясү одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэжээ. Энэ үйл явдлаас өмнө хаан ширээний төлөөх бие даасан феодалууд хоорондын тэмцэлд Япон орон туйлдаад байлаа. Улс орон хямралд автаж, эцэс төгсгөлгүй улс төрийн хуйвалдаан үргэлжилж байв.
Ноёд, феодалууд дээрээ суудлаа олохгүй нанчилдаж байх зуур орон нутагт дээрэмчид галзуурч байжээ. Дээрэмчид тариачдын тосгодыг дарамтлан эрчүүдийг алж, эмэгтэйчүүд охидыг хулгайлж, намар хамаг ургацыг нь хуу хамдаг болжээ.
Кинонд ийм дээрэмчдийн дарлалыг эсэргүүцэн тэмцэж байгаа нэгэн тосгоны тариачдын тухай өгүүлнэ.
Нэг өдөр тосгоны ахлагч нар хэрхэн дээрэмчдээс тосгоноо хамгаалах тухай хэлэлцэхэд, ахлагч нарыг яриаг сонсож суусан өндөр настан “эзэн ноёнгүй сул, ядуу самурай” нарыг хөлслөх санал гаргав.
Ингээд тосгоныхон энд тэндээс өдрийн гурав хооллох хөлсөөр тохиролцож 7 самурай олж ирнэ. Долоон самурай тосгонд хамгаалалт барьж, тариачдад тулааны урлаг зааж, зохион байгуулалтад оруулав.
Намар болж дээрэмчдийн түрүүч ирлээ. Тэгсэн тулаанд сургасан тариачид долоон самурайд туслахын оронд хий айж мэгдэн сандарч, дэмий бужигнаж, амь амиа хоохойлж нуугдацгаах нь тэр.
Энэ бүх байдалд бухимдсан 7-н самурайн толгойлогч тосгодын тариачдад хандан хэлж байна:
“Хэрэв та нар амь амиа бодох юм бол та нарын хэн ч амьд гарахгүй, бүгд алагдах болно. Харин та бүгдэд ганц л амьд үлдэх арга бий. Тэр бол тосгоны иргэн бүр өөрийнхөө хар амины төлөө биш, бусдынхаа амь насыг хамгаалан тэмцсэн цагт л өөрийн амиа аврах болно. Энэ бол дайны хууль“ гэв. Акира Курасова энэ киногоор Японы шинэ үеийн гүн ухааныг тунхагласан юм.
Энэ хоёрхон өгүүлбэр л Японы хөгжлийн нууцыг агуулах мэт. 16 дугаар зууны тэр самуун цаг дэлхийн II дугаар дайны дараах Японы нийгмийн нөхцөл байдал цаг хугацааны хувьд өөр өөр хэрчимд боловч мөн чанарын хувьд ялгаа байсангүй. Ганцхан 20 дугаар зуунд дээрэмчид нь гаднаас байсан бололтой.
Иймээс Япончууд хүүхдийг сургахдаа нийтийн эрх ашгийг эрхэмлэх ёс суртахууны хүмүүжилд онцгой анхаарал тавьдаг байна.
Суут хүмүүсийн намтраас ажиглахад тухайн хүүхдийн ямар хүн болох суурь бага насанд тавигддаг аж. Агуу хүмүүсийн намтраас Чингис хааны бага насанд тохиолдсон үйл явдлууд гоц содон байдаг билээ. Та бид цаг хугацааг ухрааж чадахгүй ч, өнгөрсөн цаг хугацаанд судар, сурвалж бичгээр дамжин аялах боломж бий.
1271 оны орчим ирээдүйн суут Чингис Хаан дөнгөж 9 настай байлаа. Түүний эцэг Есүхэй баатар 9 настай хүүдээ ирээдүй их Монгол улсын хатан Бөртийг 10 настай байхад Хонгорд аймагт очиж сүй тавив. Буцах замдаа бие нь муудаж нутагтаа ирээд нас баржээ. Есүхэй баатрыг нас барсны дараа түүний захиргаанд байсан овог аймгууд эхнэр Өлүн эхийг өнчин хүүхдүүдийнх нь хамт орхин нүүв. Тал нутагт бусдынхаа дэмжлэггүй амьдрах гэдэг хэцүү бэрх хэрэг. Өлүн эх 5 хүүхэдтэй, мөн бага эхнэр Сочигэл 2 хүүтэй байжээ. Ингээд хоёр бэлэвсэн бүсгүй нялх бага хүүхдүүдтэй, мал хөрөнгөгүй хоосон хоцорсон гэдэг. Тэдний гэр бүл ядуу зүдүүгийн эрхээр тарвага зурам, болжмор агнан, загас жараахай гөхдөн, гогод мангир түүн амь зууж байжээ.
Нэг өдөр МНТ-д өгүүлснээр Есүхэй баатарын өнчин хүүхдүүд дунд анхаарал татсан дараах үйл явдал болжээ.
(76) нэгэн өдөр Тэмүүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүүжин, Хасар хоёроос Бэгтэр, Бэлгүтэй хоёр тэр загасыг булаан авав. Тэмүүжин, Хасар хоёр гэрт ирж Үжин эхэд өгүүлрүүн:”Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр, Бэлгүтэй ах дүү хоёулаа булааж авав” гэвэл, Үжин өгүүлрүүн:”Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана? Та нар битгий тэг” гэв.
(77)Тэндээс Тэмүүжин, Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: “Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна” гээд гэрийн үүдийг ширүүн хаян гарч одов.
Энэ үйл явдлаас үүдэн Тэмүүжинг загас, болжмор булаацалдан Бэгтэрийг хөнөөсөн мэтээр ярьдаг. Гэтэл тухайн нөхцөл байдлыг бодитоор харвал Тэмүүжин, Хасар хоёр гэр бүлийнхээ хүнсэнд зориулж загас, болжмор агнасныг Бэгтэр булаажээ.
Бэгтэр агнасан, түүсэн хүнс хооллоо бусадтайгаа хуваадаггүй байжээ. Ингэдэг байсныг Тэмүүжиний хэлсэн үг нотолж байна. Нэгэнт Тэмүүжин агнасан ангаа гэртээ авчрах нь тодорхой учир түүнийг булаах юун. Иймээс Тэмүүжин “Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна” гэж маш тодорхой хэлжээ.
Л.Н.Гумилев энэ тухай Хар домог бүтээлдээ...
"Энэ бол дэлхийн тэн хагасыг байлдан дагуулсан Тэмүүжин буюу Чингис хааны угийн харгис хэрцгий байсныг харуулж байгаа жишээ мөн гэж Монголын түүхийг олигтой мэддэггүй зохиогч, тайлбарлагчид дурддаг юм. Тэгвэл тухайн явдалтай холбоотой намтрын бүх зүйлийг анхааралтай үзье. Бэгтэрийг алсны дараахан тайчууд зохион байгуулалттай болж амжаад, Есүхэйнхийг довтолж, Тэмүүжинг барьж аваад, алах гэсэн боловч эцгийнх нь анд байсан Таргудай Хирилтуг өмөөрөн болиулжээ. Тэгээд Тэмүүжинг дөнгөлсөн байна. Яалаа гэж тэр вэ? Бэгтэрийг аллаа гэж тэгсэн иь мэдээж. Гэтэл чухамдаа айл гэрийн хэрүүл маргаан тайчуудад ямар падтай юм бэ? Ямар учраас хөндлөнгөөс оролцох болов? Бэгтэр тэдний төрлийн, тэдний гэрийн хүн байгаагүй шүү дээ. Тийнхүү оролцсоныг бодоход тэдний хүн байсан бололтой. Бэгтэр яагаад тэдний хүн байдаг билээ? Бэгтэр туршуул, мэдээ хүргэгч нь байжээ. Тэрвээр Боржигины энэ айлд, Есүхэйн гэрт болсон бүхнийг ховлодог байсан байна. Тэгэхлээр эцгийнхээ үхсэний дараа эрх дархаа булаалгасан хүү нь яаж өсөж байгааг тайчууд мэдэхийг хүсч байжээ. Тийм учраас Тэмүүжинг гэсгээсэн боловч тэрээр зугтааж дөнгөжээ."
"Мэргэдүүд Бөрт үжинг 1182 онд хулгайлжээ. Мэргэд монголчуудыг довтлохдоо тэдний байдлыг яагаад тэгэж сайн мэдэж байв? Жигтэй юм шүү. Мэргэд Чингис хааны эхнэр Бөртөөс гадна түүний хойт эх Сочигэлийг хулгайлжээ. Тэр монголчуудад эргэж ирсэнгүй, мэргэдүүдтэй зугтааж, хүү Бэлгүтэй нь эцэг нэгтэй ах Тэмүүжинтэйгээ үлджээ. Тэмүүжин гэртээ байсан ховч хойд ээжээсээ Бэгтэрээс салсан шигээ салжээ. Монголчууд Бэгтэрийн эхээс салангуут Тэмүүжиний ажил хэрэг өөдлөөд явчихав."
Тэмүүжин бүр багаасаа л хар амиа биш гэр бүлийнхээ, нөхдийнхөө, ард түмнийхээ төлөө зүтгэх ухаан, зарчмыг амьдралаас суралцсан аж.
Нөхцөл байдал өөрчлөгдөхөөс зарчим өөрчлөгддөггүй хорвоод хүчирхэг засаглал дан ганц хазаар, ташуур мэт хатуу зарчим дээр тогтдог байна.
Хэрэв улс орон дан ганц хувийн эрх ашигт хөтлөгдвөл нийгэмд Бэгтэрүүдийн зүй бус ноёрхол үүсэх болно, харин дан ганц нийтийн эрх ашгийн төлөө хувь хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэвэл дарангуйлагчдын сүнс амилах болно.
Бид төр засаг, нийгмээ ямарч гоё, сайхан үгээр нэрлэж болно. Гэвч бодит байдалд ямар эрх ашиг бидний амьдрал, хувь заяаг шийдэж, засаглалын жолоог атгана вэ?
Тухай улсад ямар засаглал, тогтолцоо оршин байна вэ? гэдгийг хууль цааз, тунхаг лоозонд бичсэн нэр, томьёо биш, Харин тухайн нийгэмд үйлчилж буй "эрх ашгийн эрэмбэ" л тодорхойлдог ажээ.
Түүхийн өндөр сэнтийгээс Модун шаньюү хилэгнэж: "Алд дэлэм газар гэдэг боловч алтан төрийн минь үндэс. Алдаж хэрхэн болох билээ" хэмээгээд өгнө хэмээн зөвшсөнийг үхлийн үүд рүү туу, Даруйхан моринд мордож, Дайнаас хоцорсныг далд болго гэж сануулж байна.
Харин Тэмүүжин, Хасар хоёр “Бэгтэрийг харва” хэмээн зөвлөж байна.
Б. ӨЛЗИЙБАЯР