Инээдмийн өдөрт…
Хамгийн анх хөдөө гэрт ээжийн зуухнаас дөнгөж гаргасан халуун нурман дээр чармай нүцгэн сууж анх мэдээ орсон тэр цагаас хойш миний жараад жилийн ахуй амьдралын аль инээдтэй хөгтэй явдлыг тэр гэхэв. Нэг удаа Завхан Ургамал сумын Хөтөл усны Ногоон өндрийн ууланд хонио хариулж яваад өвлийн өдрийн бүлээн наранд хадны энгэрт унтаж байгаад арав гаран нэгдлийн хонь чононд өгөхдөө, аавдаа загнуулж алуулах болов уу гэж ихэд айж байсан ч аав минь За яахав миний хүү Идсэн чоно сайн муу хоёр амтай байдаг юм гэнэ лээ Сайн нь л байх болтугай гээд намайг яасан ч үгүй аминыхаа хэдэн хониноос нөхөн төлөөд өнгөрөөж билээ.
Ургамал сумын бага сургуулийн гуравдугаар ангид байхдаа нэг удаа манай ангийн Гайтав бид хоёр гэрээс нь илгээмж, бас хэдэн төгрөг ирсэн доод ангийн Монхор Бямбадоржыг шордож байгаад сумын дэлгүүрээс загасны консерв авахуулан гурвуулаа сургуулийн уул овоо шиг хураасан шавганы орой дээр гараад задалж идэх юм аядаж байхад тээр холоос сургуулийн захирал Гомбосүрэн Гомоо захирал Хай тэр шавган дотор толгой нь гоголзоод байгаа нөхдүүд гараад ир гээд л хашгирч байна. Гайтав бид хоёр хэзээний хашир бурхи мэт доош нуугдмагц, Бямбадорж годос хийн босоод гүйн Гомоо дээр очоод ёсолтол захирал чихдэн өрөөндөө дагуулаад орж байгаа харагдав. Гайтав бид хоёр консерваа айван тайван задалж идчихээд нөхрийг яасан бол хэмээн захирлын өрөөны цонхоор сэмхээн шагайтал Бямбадорж маань захирлын өрөөны ханан дахь том бугын эвэрнээс бүсэлхийгээрээ өлгөөтэй, дөрвөн мөчөөрөө тийчигнэн нус нулимсандаа хутгалдсан байдалтай байхыг хараад хоёул нуг нуг инээн алга болж билээ.
Аравдугаар ангиа төгсөөд армитай амьдралаа залгасан миний хувьд адал явдал бас л үргэлжлэн ялангуяа хээрийн сургуульд олон хөгтэй явдал хөврөнө. Жолооч цэрэг маань хээрийн сургуульд өгсүүр газар машиныхаа бүх араагаа сольж хүндрүүлсээр эцэстээ 1-р араандаа хийгээд ч нэмэргүй хий эргээд бүр болохоо байхаар тормозоо тас гишгэн гар гардаанаа байдгаараа татан яах аа мэдэхгүй дэмий л Албаны даргаа араа дуусчихлаа одоо яах вэ гээд хашгирахаас эхлээд л онигоо зөндөө.
Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байв. Цувааны эхний машинаас нар салхинд огт борлодоггүй үргэлжийн цагаан цэмцгэр явдаг дэслэгч Нарантулга маань БРДМ машины люкнээс найрсагаар инээмсэглэн толгойгоо цухуйлган гарч ирэхэд Ариунаа ээждээ тэврүүлэн аавыгаа тэсч ядан хүлээх дөнгөж хэлд орж байгаа түүний хүү Цоомоо нь Гоогоо хэмээн аавыгаа зааснаа, харин дараагийн люкнээс тос маслонд хутгалдсан танкийн хар өмссөн тас хар царайтай Батболд дэслэгч год үсрэн гарч ирэхэд Баабаа хэмээн бархирч байсныг тодхон санаж байна.
Манай салаанд шинээр ирсэн Гончиг гээд доожоо муутайхан шинэ цэрэг маань хэд хоног угсруулаад невалд гарч шал зүлгээд л ерөнхийдөө сэнсрэх шинжтэй болохоор нь ангийн эмчтэй ярьж байгаад цэргийн ангийн эмнэлэгт хэд хоног хэвтүүлээд нэг өглөө эргэх санаатай эмнэлэгийн хажуугаар алхан орж явтал Гончиг маань царай зүс орон хоёр хацар нь цайж булцайтлаа махалсан шинжтэй гараа цээжиндээ эвхэн эмнэлэгийн өрөөний цонхны цаана их л маадгар зогсож байхыг хараад Овоол доо хэмээн баярлаад Гончиг руугаа харан цонхны цаанаас тоглоод ёсолтол тэр маань амандаа ямар нэг юм хэлэн бувтнаж байгаа харагдав. Оронгуутаа Гончигоос Чи сая амандаа юу хэлэв гэтэл Болно болно гэж хэлсэн гэдэг байгаадаа.
Сайдын шалгалтаар цэргийн гал тогоонд нь амьд гахай гүйж явахыг хараад сайд ангийн захирагчаас учрыг лавлахад Сайдаа манай ангийн энэ гал тогоо гэж социалист уралдаанд байнга сүүл мушгиж байнга гахай авдаг нэг газар байгаа юм. Эхлээд цаасан дээр гахай зураад тавьчихаар цэргүүд ураад хаячих юм. Дараа нь гахайг модоор зороод тавьчихаар хуг цохиод түлчих юм. Тэгээд л амьд гахай тавьсан хэрэг л дээ хэмээн амыг нь тагласан алдарт Аюуш хурандаагийн онигоог ч офицерууд ам уралдан ярина.
Энэ мэт армид гучаад жилийг дуусгаад ахиад арав гаран жил алс хол арабын цөл ширэнгэ ойд олон улсын зэвсгийн шинжээчээр алба хаасан ч адал явдал үргэлжлэсээр. Хот суурингаас хэт алслагдсан халуун орны жунглид хэдэн сар олон улсын мандаттай тусгай үүрэг гүйцэтгэн амьдардаг өрөө тасалгаа маань бүгд агааржуулагчтай тул халуунаас зугтаах гүрвэл могой мэлхий сэрүүхэн газар хайн бидний өрөөнд тэд хаагуур ч хамаагүй нүх сүв олоод ороод ирнэ. Нэг шөнө унтаж байтал ямар нэг юм миний хүзүүнд дээр арвагнаад байх шиг болохоор авч шидээд гэрлээ асаагаад хартал энэ нэг мэлхий өрөөний буланд багвайтал сууж байх жишээний.
Мөн модноос модонд үсрэн дүүжлэгдэн тоглож өдөр шөнөгүй бидний байрны орой дээр хорь гучаараа түжигнэх сармагчингуудыг хараад залхана гэж үгүй. Тэд хүнийг ямар сэтгэлээр, ямар харцаар тэдэнд хандаж байгааг андахгүй. Тэднийг сайхан сэтгэл дулаан харцаар өхөөрдөнгүйгээр харах тутам хоорондоо эрхлэн тоглож хамгийн гоё гоё үзүүлбэрүүд, ид шидээ бидэнд харуулахыг хичээнэ. Харин нэг өдөр би сармагчингуудын талаар надад байнга уурлаж уцаарлаж гомдоллож явдаг серб найзтайгаа хоёулаа салхинд гараад байрны ойролцоо замаар алхаж байтал хашаан дээр зүв зүгээр сууж байгаа сармагчингуудыг хараад тэр маань Энэ муусайн сармагчингууд зайлбал таарна, түжигнээд хүн ч унтуулахгүй юм гээд хашгиран хатуу үг, ширүүн харцаар тэдний зүг хөмсөг зангидан хартал бүх сармагчингууд гэр бүлээрээ жижиг мод холтос барин бидний зүг муухай хашгиралдан ухасхийх нь тэр.
Би ч яахав байран дээрээ зогтусан зогстол тэд миний хажуугаар шаагилдан гүйлдэн өнгөрөөд байр руугаа ум хумгүй хар хурдаараа жирийх мань хүний хойноос хөөн арай л гүйцэлгүй орхиж билээ. Ер нь миний тэр найз маань аливаа юманд байнга үглэж гомдоллож ихэрхэж явна. Нэг удаа бид арабын Йорданы вант улсад НҮБ-ын аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтанд орж байтал мань хүн нөгөө л зангаараа НҮБ-ын сургагч нарын өмнө цээжээ түхэлзүүлээд байгааг ажигласан тэд Таныг энэ цаг мөчөөс эхлээд барьцаанд орсон шинжээчийн дүрд 24 цаг тоглуулнаа гээд гэнэт ухасхийн гарыг нь мушгин газар дээр унаган өвдөглөөд хоёр эрхий хурууг нь нарийн троссоор ард нь хүлээд амыг нь скочдон толгойд нь хар шуудай углан хүзүүгээр нь олсоор оосорлон өдөржин шөнөжин уул хад элсэн цөлөөр бидний нүдэнд дээр чирч гулдран явж алан хядагч босогчид исламын дайчдын барьцаанд орсон ийм нөхцөлд шинжээчид бид яах ёстойг найзын маань бие махбодь сэтгэл зүй дээр амьд сургалт тоглолт хийхэд мань эрийн ёстой хулхи нь бууж билээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт