Ерөнхийлөгч Х.Баттулга ба МАН-ын удирдлагуудын зөвшилцлөөр АТГ-ын дарга, дэд дарга тодроно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өчигдөр эгүүлэн татсан билээ.
Тодруулбал Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин санал оруулах шийдвэр гаргаснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдэв.
Мөн Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүлсэн саналаа эгүүлэн татаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх асуудлаар Улсын Их Хуралд дахин хандах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилсан юм.
Александрын Цэрэнсодномын хувьд бусдыг дарамталж буй бичлэг нь цацагдсантай холбоотойгоор Ерөнхийлөгч саналаа эргүүлэн татсан нь тодорхой.
Харин нэгэнт өөрийн дэвшүүлсэн байсан Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг яагаад эргүүлэн татсан нь улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон хүмүүсийг АТГ-ын дарга, дэд даргаар томилох нь буруу гэж дүгнэн, дахин тохиролцож, "дундын хувилбар" гаргах хэрэгтэй гэж үзжээ.
Гэхдээ мэдээж угшил нь АН-ын хүн байх бололтой.
Одоогийн байдлаар Г.Баасан, Б.Билэгт нарын нэрийг Ерөнхийлөгч санал болгох магадлал өндөр байгаа бол МАН-ын удирдлагууд цагдаад ажиллаж байсан хүмүүсээс судалж буй юм байна.
Эх сурвалж: sonin.mn