Ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг томилох саналаа Ерөнхийлөгч буцаалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрийн Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2 сарын 25-нд хүргүүлсэн билээ.
Тэгвэл түүний бусдыг дарамталж буй бичлэг олдсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч уг саналаа буцаасан байна.
Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, 1981-1991 онд 10 жилийн сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд “Их засаг” Их сургууль, 2012-2013 онд АНУ-ын “Оксфорд Трэнт” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой.
Тэрээр
- 1993-1997 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт бичээч, нарийн бичиг
- 1997-2000 онд Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
- 2000-2003 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Сум, сум дундын ахлах прокурор, аймгийн прокурорын орлогч
- 2003 оны нэгдүгээр сараас 2003 оны наймдугаар сар хүртэл Улсын Ерөнхий прокурорын газар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
- 2003-2005 онд Тээврийн прокурорын газар орлогч прокурор,
- 2005-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст улсын байцаагч,
- 2006-2011 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
- 2013-2014 онд “Легал эдвайзер консалтинг” Хууль зүйн нөхөрлөлийн захирал,
- 2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,
- 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
- 2017-2019 оны нэгдүгээр сар хүртэл Нийслэлийн прокурорын газар ахлах прокурор, хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
- 2019 оны 1 дүгээр сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.