Японд гурван жилийн дараа нисдэг мотоцикль үйлдвэрлэгдэж эхлэнэ
Японы "ALI Technologies" компаний хөгжүүлж буй нам өндөрт нисдэг мотоциклийг хоёр сар гаруй хугацааны дараа хэрэглэгчид жижиг машины үнээр захиалах боломжтой болохыг "Japan Times" мэдээлжээ. 2022 он гэхэд тэдгээр нисдэг мотоциклууд бөөнөөр үйлдвэрлэгдэж, зах зээлд гарч эхлэх аж.
Токиод төвтэй тус компани нь бага оврын дроны үйлдвэрлэл голчлон эрхэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Төв Ази, Ойрх Дорнод, Африк дахь зам харгуй муутай орнуудын зах зээлд зориулан нисдэг мотоцикль үйлдвэрлэх төсөл дээр ажиллаж байгаа юм байна.
"Нисдэг машины хэрэглээ, зах зээлийн өрсөлдөөн ирээдүйд эрчимжих нь зайлшгүй хэрэг. Бидний хөгжүүлж буй мотоцикль бол шинэ үеийн дөнгөж эхлэл болж байна" хэмээн компаний гүйцэтгэх захирал Шухэй Комацу "Japan Times"-т ярилцлага өгөхдөө дурджээ.
Сэнсэнд тулгуурласан хөдөлгүүртэй тус мотоцикль нь газраас арваад сантиметрийн өндөрт "хөвөх" бөгөөд тусгай мэдрэгчийн тусламжтайгаар аливаа саадыг мөргөхгүй явах аж.
Иймэрхүү төрлийн шинэ технологийг Арабын Нэгдсэн Эмират улсад аль хэдийн туршиж эхлээд байгаа. Дубай хотын цагдаагийн хүчнийхэн Калифорни дахь нэгэн компаний бүтээсэн "Hoversurf" гэх нисдэг мотоциклоор бэлтгэл хийж эхлээд багагүй хугацааг үджээ.
"ALI Technologies" -ийн мотоциклоос ялгаатай нь "Hoversurf" газраас хамгийн ихдээ дөрвөн метр хөөрөх бөгөөд 100 хүртэл км/цагийн хурд авах боломжтой аж. Гэхдээ одоохондоо тус мотоцикль нь хүн суусан үед ердөө 25 минутын турш нисэх бололцоотой байгаа юм байна.