Хариу нэхээгүй тус
Хэн нэгэнд чин сэтгэлээсээ бага ч атугай тус хүргэхэд тэр нь өөрт эргэж ирдэг хэмээн эрт дээр үеэс ярьсаар ирсэн билээ. Харин энэ үг амьдрал дээр биелэлээ олж, олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал Америк улсад болж өнгөрчээ. Хүн хүнээ хайрлаж, хүнд хэцүү үед нь чадах зүйлээрээ тус болох нь бидний хорвоод хүн болж мэндэлсний хамгийн гол утга учир болов уу? Ингээд хамтдаа сайхан сэтгэлт хүмүүсийн гайхалтай түүхийг сонирхьё.
Нэгэн ахимаг насны эмэгтэй машиных нь дугуй хагарч яахаа мэдэхгүй дааран, дагжиж зам дээр зогсож байжээ. Харин түүний хажуугаар өнгөрч явсан залуу сэрүүхэн, бороотой өдөр ганцаар сандран зогсох эмэгтэйг хараад зүгээр өнгөрч чадсангүй.
Залуу түүн дээр очиж, юугаар, хэрхэн туслахаа лавлаад, огтхон ч төвөгшөөлгүй хормын дотор дугуйг нь сольж өгсөн байна.
Ахимаг насны бүсгүй түүнд талархсан сэтгэлээ илэрхийлж, мөнгө өгөхийг хүссэн боловч залуу татгалзаж, "Зүгээр л таньтай адил тусламж хэрэгтэй болсон хүмүүст бага ч атугай тус болж яваарай. Бас намайг Брайн Андерсон гэдэг шүү" хэмээгээд явж оджээ.
Бүсгүй бага зэрэг гайхсан хэдий ч хүний сайхан сэтгэлийг үнэлж замаасаа хазайн, нэгэн кафед орж, бодолхийлж суухаар шийдэв.
Түүнийг кафед ороход дулаахан инээмсэглэлээр өөрийгөө чимсэн, төрөх дөхсөн зөөгч бүсгүй эелдэг зөөлөн хандаж, кофегоор дайлсан байна. Жирэмсэн бүсгүй хичнээн ядарсан харагдаж байсан ч энэ бүхнийгээ инээмсэглэлээр далдлах гэж хичээж байгаа нь тод харагдаж байв.
Харин ахимаг насны эмэгтэй өөрт тусласан сайхан сэтгэлт залуугийн үгийг санаж, зөөгч бүсгүйд ч мөн туслахаар шийджээ. Гэвч тэр хэрхэн, яаж туслахаа мэдэхгүй байсан тул кофены төлбөр болгож, 100 доллар тавиад чимээгүйхэн гарч одсон аж.
Бүсгүй мөнгийг хараад гайхан сандарсан бөгөөд хажууханд нь захиа байхыг олж харсан байна. Тэрээр "Өдөр надад нэгэн сайхан сэтгэлт залуу тус болсон учраас би чамд бага ч атугай тус болохыг хүссэн юм. Энэ цаасан дотор ахиад 400 доллар байгаа. Чи төрөх дөхсөн юм шиг байна. Одоо мөнгөний төлөө ажиллах биш өөртөө амралт өгч, бяцхан үрээ хүлээж авахдаа бэлдээрэй " гэсэн байв.
Энэ нь түүнд маш гайхалтай мэдрэмжийг хайрласан бөгөөд бүсгүй тэр дор нь нөхөр рүүгээ залгаж энэ тухай хэлжээ. Хамгийн гайхалтай нь жирэмсэн бүсгүйн нөхөр нь сайхан сэтгэлт Брайн Андерсон байсан аж. Энэ нь хүнд хүргэсэн тус буцаад эзнээ олоод ирдэг гэх үг амьдралд биелэлээ олсон бас нэгэн гайхалтай түүх юм.