Ахмад үе дайчин уламжлал...
Монгол улсын цэргийн жанжин, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч Манлайбаатар Дамдинсүрэн гамингийн шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд зуу гаруй хоног хоригдон босоогоороо амьсгал хураахдаа Төр улсын ажлыг амьд хүмүүс хөтлөн явуулдаг ч суурь нь төр улсын төлөө амь насаа өргөсөн хүмүүсийн яс чөмгөн дээр тогтдог юм хэмээн гэрээслэн үлдээсэн лугаа Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв хэмээн Маршал Чойбалсангийн захиж хэлснээр та бидний ахмад үе аав ээж эмээ өвөө амь биеэ хайрлалгүй тэмцэж хөдөлмөрлөж хичээн зүтгэж бидэнд эх орон тусгаар тогтнол шударга ёсыг өвлүүлөн үлдээснийг өнөөдөр талаар нэг тавиад туучмааргүй болохоор жараад онд төрж өссөн одоо жар шүргэж байгаа бидний үе нүдээр харж чихээр сонсож биеэрээ дуурайсан ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэн эх оронч үзлээр тэднийгээ хүмүүжүүлэх нь бидний ариун үүрэг гэж ухамсарлаж явдаг. Иймээс та бүхэн нүүр номын Эх орон тусгаар тогтнол шударга ёс группэд өдөр тутам тавигдах ахмад үеийнхээ намтар түүхэн уламжлалаас суралцаарай гэдгийг Админы зүгээс хичээнгүйлэн гуйж байна.
Монгол Улсын Баатар Түвдэнгийн Бор гэж хорь ч хүрээгүй насандаа хувьсгалын эсэргүү нарын ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж яваад дайснуудад баригдаж тамлагдан амь эрсэдсэн баатарлаг монгол эмэгтэй бий. Түвдэнгийн Бор ба түүний нөхдийг эсэргүү нар эрүү шүүлт тулган тарчилган зовоож, Тугийн цохио хэмээх цавчим цохион дээр аваачин буудаж таван метр өндрөөс нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн байдаг.
1945 оны чөлөөлөх дайнд Аюуш баатар Ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар арваннэгэн удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Баатар Гэлэгбаатар Халх голын дайнд Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт арвуулхнаа тогтоон барин эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгджээ.
Даваадорж баатар Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ. Тэгшээ баатар мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сум нь дууссан үед тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэсэндээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн.
Лхагвадорж баатар мөн баруун хязгаарт дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд Оспаны 22 баатар гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. Дамба баатар 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Гиваан баатар Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн Оспаны дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж яваад амь үрэгджээ.
Монгол Улсын баатар Бадам хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж гоминдааны болон Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм. Бадамыг зэвсэгт дээрэмчид үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хөнөөсөн.
Самдан баатар мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгасан байв. Жанчив баатар Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж ангийнхаа холбоо харилцааг залгуулсаар амь үрэгджээ.
Мотомехнаникжуулсан хуягт бригадын дарга хурандаа Нянтайсүрэн баатар 1945 онд Зөвлөлт-Монголын анги нэгтгэлүүд хамтран Жанчхүүгийн даваанд Японы түрэмгийлэгчидтэй олон өдрийн турш цус урсган тулалдахад онцгой гавъяа байгуулсан төдийгүй байлдааны үед баруун гар шархадсаныг юм чинээ бодолгүй тулалдаж явсан бол домогт Дандар баатар Халхын голын байлдаанд олон удаагийн тулалдааныг биечлэн удирдаж сэлмээр дайсны толгойг гарамгай цавчдаг байсан нь хүний өөрийн цэргүүдийн дунд Алаг морьт баатар хэмээн алдаршсан юм.
Экей баатар Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан гарамгай гавьяа байгуулжээ.
Намнан баатар одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ.
Шарав баатар Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад байлдааны талбарт амь үрэгджээ.
Баатар Данзанваанчиг Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудтай байлдан таван удаа шархадсан ч баатарлаг гавьяа байгуулжээ. Гуулин баатар 1937 оноос Ардын армид алба хааж Халхын голын дайны үед Чогдон баатар даргатай Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ.
Эх орон тусгаар тогтнолынхаа төлөө цусаа урсгаж явсан эдгээр жар гаруй Улсын баатараас гадна хөлс хөдөлмөрөөрөө алдаршсан дөрвөн зуугаад Хөдөлмөрийн баатар бий. Тухайлбал, 1920-иод онд Дамбийжаагийн зарц боол малчин нь болж зүдэрч явсан манай Завхан нутгийн тэмээчин эмэгтэй Тостын Бумбаа нь Дамбийжаагийн ид шидээр бус харин өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө 1960-аад онд Ардын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн Баатар болтлоо алдаршсан нь түүний нэгдлийн 42 ингэн тэмээг тавхан жилийн дотор 300 гаран болгон өсгөн бойжуулсан нөр их хөдөлмөртэй нь холбоотой.
Феодолын үед есөн настайгаасаа хятадын Даашинхүүгийн пүүсийн хонийг зун, намрын улиралд хариулж явсан манай нутгийн ядуу хүү Мижээхүүгийн Ганболд хожим нь социализмийн үед олон жил нэгдлийн улсын бэлтгэлд тушаах бог маллаж дунджаар эр шүдлэн хонийг 50 кг, эр шүдлэн ямааг 40 кг шахуу жинтэй улсад тушааж, нэгжээс 450 грамм ноолуур, 3,3 кг ноос авч байсан амжилтаараа 1963 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртэж байв.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт