Малийн цэргийн баазад халдлагын улмаас 16 цэрэг амь үрэгдэж, 30 цэрэг шархадсан талаар албаны хүн мэдээллэснийг ВВС уламжлав. Тус улсын Нампала хотноо Зэвсэгт этгээдүүд баазын шалган нэвтрүүлэх хэсгийн ойролцоо халдлага үйлджээ. Энэхүү халдлагын хариуцлагыг хоёр зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна.
Уг халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Ибрахим Боубакар Кейт Ерөнхий сайд болон Батлан хамгаалах яамны сайдыг хүлээн авч, аюулгүй байдлын асуудлаар ярилцжээ. Уулзалтын үеэр Ибрахим Боубакар Кейт халдлага үйлдэж, үүргээ гүйцэтгэж байсан цэргийн албан хаагчдыг хөнөөсөн этгээдүүдийг баривчлан, хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн байна.
Мали улсад 1000-аас дээш дайчинтай хэд хэдэн зэвсэгт бүлэглэл эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Мөрдөгчид цэргийн баазад болсон халдлагыг саяхан байгуулагдаад буй “Фулани” гэх бүлэглэл захиалсан болохыг тогтоожээ. 2013 онд Мали улс, Францын Засгийн газраас дэмжлэг хүссэн. Уг хүсэлтийг Франц хүлээн авч, Франц болон НҮБ-ын энхийг сахиулагчид тус улсад ирж, өнөөг хүртэл иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж буй юм.