нөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр /2013.03.16/ Монгол Улс дахь Францын элчин сайдын яам, Аллианс Франсез байгууллагаас “Боловсрол ба байгууллага” үзэсгэлэн зохион байгуулж байна.
Үзэсгэлэнг нээж, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд Ийржи Бродский хэлсэн үгэндээ“Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна. Тус арга хэмжээг Монгол Улсын нийт оюутан залууст зориулж Улаанбаатар хотын Аллианс Франсез байгууллага, Улаанбаатар хот дахь Франц хэлтэн орнуудын Элчин сайд яамдтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Бүгд Найрамдах Чех улс нь Франц хэлтэн орнуудын Олон Улсын байгууллагад ажиглагч орноор элссэнээс хойш 20 жил өнгөрсөнтэй холбогдуулан уг арга хэмжээнд оролцож байна” хэмээв.
Үүний дараа Монгол Улс дахь Францын элчин сайд Филипп Мэрлин “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дөрөвдэх удаагаа зохион байгуулж буй “Франц хэлтэн орнуудын боловсрол” болон бизнес өдөрлөгт оролцож байгаадаа туйлын баяртай байна. Улаанбаатар хотноо 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү өдөрлөг нь франц хэлтнүүдийн баяр юм. Энэхүү үйл ажиллагаа нь та бүхэнд бодит туршлага судлах боломжийг олгоно” гэлээ.
Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улс дахь Францын элчин сайдын яам, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яам , Монгол Улс дахь Канадын элчин сайдын яамд болон монгол оюутан залуус, бизнес эрхлэгчид оролцсон юм. Мөн үеэр дээрх улс орнуудад суралцах боломжууд, суралцахыг хүсэж буй оюутан залууст тавигдах шаардлага, төлбөрийн хэмжээ, ажиллах орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд Иржий Бродский “Чех улсын Засгийн газраас олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр явуулдаг. Чех болон англи, франц хэлтэй залууст тэтгэлгээр, үнэ төлбөргүй суралцах боломж нээлттэй. Өнгөрсөн жилд зөвхөн монголчуудад зориулж 12 тэтгэлэг зарлаж, суралцагчид амжилттай хамрагдсан” гэлээ.