Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ
“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од жүжигчин Жони Депп 2017 онд эхнэр Амбер Хердээсээ албан ёсоор салсан билээ. Амбер 2016 оны тавдугаар сард Жони Деппийг өөрт нь гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд гомдол гаргаж байв. Үүнээс хойш тэдний маргаан одоо ч тасраагүй л байна. Тэгвэл алдарт жүжигчин Жони Депп экс эхнэрээсээ 50 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ.
Учир нь тэрбээр Амберийн хэлсэн бүхэн худал гэж мэдүүлсээр байгаа бөгөөд түүний талаар таагүй мэдээлэл тарааснаас болж санхүүгийн хямралд орж, киноны саналууд ч ирэхээ больсон гэж мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд түүний гол дүрд нь тоглосоор ирсэн алдартай цуврал болох “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг Жони Деппгүйгээр хийхээр болсон нь түүнд сэтгэл санааны болон санхүүгийн маш том цохилт болсон гэжээ. Амбер Хердийн гомдлын дагуу хэргийг хянаж шалгахад хүч хэрэглэсэн, зодсон гэх нотолгоо олдоогүй юм.
Түүнчлэн Амбер Херд өөрийг нь хүчирхийлдэг байсан гэж Жони Депп мэдэгджээ. Жони Депп өөр лүү нь хэд хэдэн удаа архины шил шидсэний дээр хурууг нь таслаж байсан тухай нотлох баримтуудыг шүүхэд өгчээ. Амбер Херд юу ч болоогүй байхад "над руу дайрч байна, туслаарай" гэх мэтээр хашхирч, өөрөө юм шиддэг байсныг батлах 87 хяналтын камерын бичлэг, болсон явдлыг нүдээр харсан 14 гэрч, хэргийн газар дуудлагаар ирсэн 2 цагдаагийн ажилтны мэдүүлэг зэргийг гаргаж ирсэн байна.
Жони Депп нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хайртай хүнээ өвтгөх хүн биш ээ. Би гаднаасаа галзуу солиотой хүн шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ би тийм хүн биш. Миний талаар таагүй мэдээлэл тархсанаас болж хүүхэд маань сургууль дээрээ очиход танай аав чинь эмэгтэй хүнд гар хүрдэг гэж хүүг минь доромжилж гадуурхсан байсан. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл” хэмээн ярьж байжээ.