Дээд боловсрол эзэмших системийг үр дүнтэй, бакалаврын зэргийг үнэ цэнэтэй болгож, Монголын оюутан залуусыг ирээдүйдээ жаахан ч гэсэн санаа зовдог болоосой гэсний үүднээс үүнийг бичлээ.Монголд бакалаврын зэргийн диплом ЕБС-д эзэмшдэг бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй адил шахуу үнэлэгдэж байгааг бүгд мэдэж байгаа. Бид хүүхдээ ЕБС төгсмөгц албан хүчээр шахам ямар ч хамаагүй их дээд сургуульд оруулдаг. Яагад гэвэл цэвэрлэгчийн ажилд орохын тулд бакалаврын зэрэг авсан байх ёстой учраас. Энэ нь бакалаврын зэргийн үнэ цэнийг бүрэн харуулж байна. 6 сая төгрөгөөр бакалаврын зэрэг авсанаас уураг авч уугаад биендээ шингээчихсэн нь дээр гэж найз маань хошигнон ярьж байсан.
Сургалтын систем
Залуучууд ЕБС төгсөхөд мэрэгжилээ сонгож чадахгүй байна. Сонгож чадаагүй юм чинь ямар ч хамаагүй сургуулийн ямар ч хамаагүй ангид орчихдог. Тэр мэрэгжилээрээ төгсөөд юу болох, ямар ажил хийх бараг юу ч мэдэж амжаагүй байтал 4 жил нь өнгөрчихсөн дүүрэн C, D үнэлгээтэй диплом аваад л төгсдөг. Эсвэл 2-3 жил суралцаад сургуулиа хаядаг. үүнийг эцэг эх нь жилийн дараа мэддэг. Тэр хүн хаана очиж ямар ажил хийх ёстойгоо мэдэхгүй болохоор мөнгөний шаардлагаар ямар ч хамаагүй ажилд орчихдог. Тэгээд л бакалаврын зэрэгтэй цэвэрлэгч, аяга угаагч, зөөгч, бармен, такси-ны жолооч гэх мэт болдог. Монголд магистрын зэрэгтэй ийм ажил хийдэг хүмүүс ч байдаг.
Хөдөө орон нутагт байдаг эцэг эхчүүд хамаг малаа зараад ч хамаагүй хүүхдээ хотод эрдэмтэй номтой хүн болгохоор явуулдаг. Гэтэл хүүхэд нь 4, 5 жил сэлгүүцэж яваад нутаг буцдаг. Эсвэл бакалаврын зэрэгтэй цэвэрлэгч, аяга угаагч, зөөгч, бармен, таксины жолооч болоод л хотод үлддэг.
Оюутан үе болох 4-5 жилийн мэдлэг, боловсрол, дүн нь 40, 50 жилийн хоол хүнс нь болдог гэдгийг ухаарахгүй байна. Оюутнууд мөнгө олох тухай бодсоор өдөр хоногийг аргацааж өнгөрөөгөөд байна. Хальт хичээл хийсэн болоод өөрийгөө хуураад байна. Энэ цаг үе, нийгэмд галзуу ухаантай эсвэл гайхамшигтай сэргэлэн хүн сэхээтэн, баян хүний тоонд орох эрх авдаг болсон. Та сурах дургүй бол сэргэлэн бай! Таны яаж хийсэн чинь чухал биш. Багшийн үзэгний үзүүр ямар үнэлгээ тавих нь чухал. Таны 40 50 жилийн амьдралыг шийднэ.
Хэн нэгнийг хуурна гэдэг муу хэрэг. Харин өөрөө өөрийгөө хуурна гэдэг мулгуу хэрэг. Муу хэргийг цаашдын сайн сайхны төлөө хийснийг уучилж үзэх нь бий. Харин мулгуу хэрэг мулгуугаараа л дуусна. Хэн ч эхээс төрөхдөө би алуурчин, хулгайч, авилгач, муу сурлагтан, ядуу амьдралтай болно гэж төрдөггүй. Гагцхүү эцсийн бүлэгт өөрийгөө хуурч мунхагласны үр дүнд адгийн шаар болж хувирдаг. Зузаан будгаар нүүрээ далдалсан хүмүүсийн нийгэмд өөрийгөө жаахан ч гэсэн олж харахыг хичээ. өөрөө өөртөө хуурамч дүр эсгэнэ гэдэг нь солиорол. Нэгэнт өөрөөсөө зугтаж чадахгүйгээс хойш бусадтай үнэнчээр харьцаж чаддаггүй юмаа гэхэд өөрийгөө хуурах ёсгүй. Боловсрол гэдэг нь өөрөө өөрийгөө үл хуурах тэр л мэдлэг чадвар юм.
Монголд 210 шахам их дээд сургууль коллеж байдаг. Эдгээр их дээд сургуулиудаас гарч буй бүтээгдхүүнүүдийг Монголын нийгэм шингээж чадахгүй байна. Их дээд сургууль олон байх нь Монголын төрд ашигтай байж болох ч ирээдүйгээ алаад байна. Жил ирэх тусам олширч буй ажилгүйчүүдийн жагсаалтыг жилээс жилд их дээд сургуулиуд нь нэмээд л байдаг. Монгол улс оюутныхаа тоог хүн амд харьцуулсан харьцаагаар дэлхийд 2-т, Азидаа 1-т ордог гэж уншиж байсан. Ийм жижиг эдийн засагтай улсад ийм их оюутан төгсгөх ямар хэрэгтэй юм бэ.
Миний бодлоор:
Улсын тодотголтой их дээд сургууль коллежд элсэх шалгуурыг өндөржүүлж оюутны сурлагын дүнгээс хамаарч тэтгэлэг олгох тогтолцоог бий болгох. Ингэснээр сурлагын чанар нэмэгдэж суралцах сонирхол ихсэнэ. Улсын тодотголтой их дээд сургууль коллежд суралцах сонирхол нэмэгдэж, ашгийн сонирхолтой хувийн их дээд сургууль коллежууд шахагдана. Оюутнууд илүү бие даасан болно. Чөлөөтэй сэтгэнэ. Сургалтын төлбөрөө ч өөрөөсөө төлөх боломжтой болчихно. Эцэг эхэд дарамт байхгүй болчихно. Утгаар нь гэр бүл оюутан залуусаа дэмжсэн хөтөлбөр болж чадна.
Монгол улсын гэх тодотголтой их сургуулиудыг Улаанбаатар хотын болгож өөрчилөөд Дархан, Эрдэнэт, Сайншанд гэх мэт томоохон хотуудад салбар сургуулиудыг нь байгуулчихмаар. Ингэвэл бүсчилсэн хөгжилд томоохон нэмэр болохоос гадна хөдөө орон нутгийн эцэг эхчүүд хүүхдээ их дээд сургуульд сургах гэж хол газар явуулах хэрэггүй болж хөрөнгө мөнгө ч хэмнэх болно. Эцэг эхийн хяналтанд байгаа хүүхэд сурлагандаа илүү анхаарах болно.
Б.Билэгсайхан
2009 оны 11 сарын 12