Монгол чамаас ихийг хүлээж байна
Эх орныхоо ирээдүйн хувь заяаг нь тодорхойлох их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахаар сэтгэл шулуудан, эрдмийн моринд дөрөөлөн харийн орны хилийн дээс алхаж, чухамдаа хээрийн галуу нисэн үл хүрэх тэр л газраас эрдмийн ихийг өвөрлөн ирэх тийм л үүрэг хариуцлагыг хүлээсэн, Монголын оюунлаг, шилдгийн шилдэг оюутан залуус та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Авч явахад хялбархан хирнээ хамгийн үнэ цэнэтэй байж чаддаг цорын ганц зүйл бол эрдэм мэдлэг гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.
Хүний амьдралын хамгийн хариуцлагатай бөгөөд алтан үе болох оюутан цагийн он жилүүдэд тодорхой мэргэжил эзэмшин төгсөхдөө насан туршийн амьдралд шаардагдах эрдэм мэдлэгийн үүц нөөцөө сайтар базааж авахгүй бол үргэлж дутмаг, ямагт гологдмол нэгэн болж, оюун ухааны хатуу ширүүн өрсөлдөөний эрин зуунд ямагт ялагдсаар амьдрах болно гэдгийг харийн оронд суралцагч бид дэндүү сайн ойлгосон улс байдаг юм. Үүгээрээ ч бид эх орондоо суралцагч оюутнуудаас ялгагдах онцлогтой.
Бидний эцэг эхчүүд үр хүүхдээ харийн оронд сургаж, өндөр боловсрол эзэмшүүлэхийн төлөө амьдралын их ачааг үүрч үлддэг билээ. Тэгвэл оюутан бид хүний нутгаас төдий дайны эрдэм мэдлэгийн арвин ачааг үүрч ирэх тийм л үүрэгтэй улс. Гадаад оронд өндөр боловсрол эзэмшсэн, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон залуус бид ажилд орох гэж дугаарлан зогсох биш, биднийг авч ажиллуулахаар ажил олгогчид өрсөлдөн дугаарлах тийм л ирээдүй бидний өмнө нээлттэй байна. Гагцхүү эх орон маань биднээс чанарын шаардлага хангасан өндөр боловсролыг хүлээж байгаа.
Монгол орны ирээдүй, ард түмний амьдралыг бүдэг бүүдгэр байгаагаар төсөөлөн яригсад сүүлийн үед олширсон байна. Монгол улс оршсоор байх нь үнэн учир маргаашийн ирээдүйг заавал гэрэл гэгээтэйгээр харах учиртай. Маргаашийн хурц нар, усан борооны талаар хальт хультхан мэддэг атлаа бүхэл бүтэн улс орны хувь заяаг хэн урьдчилан таагаад байгаа юм бэ? Тэгвэл тэр оньсогыг тайлагчид нь өнөөгийн залуус бид. Ирээдүйдээ итгэлтэй залуус бүр манлайлах чадвартай байх ёстой.
Гадаадад суралцагч оюутан залуус бид харийн оронд, аль ч улс орны хэнтэй ч эн чацуухан нөхөрлөж, амжилттай суралцахын зэрэгцээ эх орныхоо сайхан нэрийг хилийн чанадад хайрлаж явна гэдэг бидний хувьд хэмжээлшгүй их хариуцлага байдаг. Шороон дотроо үлэг гүрвэлийн ястай, биен дотроо монгол цустай улс түмэн ертөнцөд давтагдахгүй нь мэдээж. Яс махнаасаа ургасан тархины өндөр чадавхиараа, дөрвөн улиралд зүлгэгдэж бий болсон чиирэг бодгалиараа монголчууд бид бусдаас ялгагдах онцлогтой улс.
Монголын төр оюутан залуусынхаа төлөө чамгүй сэтгэл гаргаж сар бүр 70000 төгрөгний тэтгэлэг олгодог болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Оюутнууд тэр мөнгийг сургалтын төлбөртөө нэмэрлэж, сургалт дамжаанд хамрагдахад зориулж байгаа байх. Бас багагүй хэсэг нь тэр мөнгийг зугаа цэнгэлд зориулдаг гэдгийг сонсоход дэндүү харамсмаар. Гэтэл хүний нутагт амьдран, эцэг эхээсээ ирүүлсэн арав гурван төгрөгөө өдөр өдрийн амьдралд чадан ядан зарцуулж амьдардаг, эх орныхоо үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнэ хоёрыг эн тэнцүүхэн ойлгож мэдэрч, сурч хөдөлмөрлөж яваа биднийгээ яагаад 70 мянгын хуваарилалтаасаа үлдээчихэв дээ гэж гоморхох үе миний хувьд хаяахан байдаг юмаа.
Эх орон, эх эцгээсээ хэдэн мянган бээрийн алсад амьдран, өртөг өндөртэй харийн улсад урт удаан хугацаагаар суралцахад эдийн засгийн бэрхшээл оюутан бүхэнд л тохиолддог. Гадаадад суралцагч монгол оюутнуудынхаа амьдралыг Монголын төр эргэж нэг харна байх гэдэгт бид бас найдаж байна.
Дэлхийн өнцөг бүхэнд суралцаж,
Дэлхийн өнцөг бүхнээс эрдэм соёлын үр шимийг эх орондоо тээн ирэхээр цаг үетэй уралдан суралцаж яваа оюунлаг залуустаа ихийг хийж бүтээхийн ариун цагаан ерөөлийг өргөхийн ялдамд
Дэлхийн энгээр байгаа оюутан залуус минь
Дэлгэр Монгол маань биднийгээ хүлээж байгаа шүү гэдэг энэ сайхан үгээр өндөрлөе!
Нийтлэлийг бичиж илгээсэн.
Н.Гансүх