Facebook, Instagram болон WhatsApp-ийн гол үйлчилгээнүүд дэлхий даяар ажиллагаагүй болжээ!
Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ "Facebook"-ийн сервер түүхэндээ хамгийн том доголдолтой учирч, гол үйлчилгээнүүд нь дэлхий даяар ажиллагаагүй болоод байна.
Өдгөө сард 2.3 тэрбум хүний ашиглаж байгаа Фэйсбүүк хамгийн сүүлд 2008 онд 150 сая хэрэглэгчтэй байхдаа ийм сааталд орж байжээ.
Түүнчлэн Фэйсбүүкийн гол бүтээгдэхүүнүүд болох "Инстаграм", мессежний "WhatsApp" одоогоор бас адилхан асуудалд ороод байгаа аж.
Сүлжээний доголдлын шалтгааныг компаниас олон нийтэд хараахан зарлаагүй бөгөөд асуудлыг аль болох түргэн шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ.
Улаанбаатарын цагаар урьд шөнийн 00:00 цагаас эхлэн Фэйсбүүк сүлжээнд асуудал гарч эхэлснийг ойрын эх сурвалжууд мэдээлсэн аж. Зарим хэрэглэгчдэд Фэйсбүүкийн гол хуудас ачаалж байгаа ч пост хийх, сэтгэгдэл бичиж болохгүй байсан бол зарим хэрэглэгчдийн хувьд нэвтрэх ямар ч боломжгүй байгаа аж. Харин Инстаграм хэрэглэгчид хуудсыг шинээр ачаалж, шинэ постууд үзэх боломжгүй байна.
Бусад олон нийтийн цахим сүлжээн дээр Фэйсбүүкийн сервер "DDoS" (сүлжээний ачааллыг хэт нэмэх) халдлагад өртсөн гэсэн дам яриа нэлээн тархаад байсан ч компаний зүгээс тийм явдал болоогүй гэж мэдэгджээ.