ШХАБ-ын төв оффист өөрөөсөө асуусан 5 асуулт
Бээжин хот дахь Монголын ЭСЯ-аас зүүнхэн талд нь ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар буюу төв оффис байрлах аж. 7 хоногт хоёр өдөр зочид хүлээн авдаг өдөр нь өнөөдөр бөгөөд харуулын байранд ирж хэд хоногийн өмнө цаг хүссэн мэйлээ үзүүлсээр дотор нь орлоо.
Дотор зураг дарж болохгүйн дээр энэ жил даргалж байгаа ОХУ-ын иргэн Сергей Николаевич гадуур ажилтай гээд зохион байгуулагч нь хүлээн авлаа. Гэхдээ зөвхөн албан байгууллагад тодорхой мэдээлэл өгдөг тул хувь судлаач надад ажиллах хуваарь, мэдээлэл хүргэдэг тогтолцоо, хүссэн мэдээллээ албан ёсны сайтаас авах, нарийн, хүнд асуултанд бичгээр хариу өгдөг зэргийг тайлбарласан болно.
Гэвч сэтгэлдээ багтаавал их багын ялгаагүй гэж сэтгэн өөрийн авсан цөөхөн хариулт, албан ёсны сайт-ын мэдээлэл, өмнө нь олон хурлуудад хийсэн олон улсын судлаачдын дүгнэлт, манай судлаачдын санал шүүмжийг үндэслэн ойлгомжтой байдлаар дараах асуултуудыг тавьж Эерэг-Сөрөг байдлаар хариулья.
ШХАБ-ын товч түүх
ШХАБ нь 1996 онд Хятад, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикстан зэрэг 5 улс эхлэлийг тавьж Шанхайн тав хэмээн нэрлэгдэж эхэлснээс 2001 онд Узбекстан нэмэгдэж 2001 оны 06 сарын 15 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан. 2017 оны 06 сарын 01-нд Энэтхэг, Пакистан албан ёсоор элсэн орсон.
АСУУЛТ 1. ШХАБ-ыг Монгол төдийгүй олон улсын судлаачид Цэрэг армийн блок гэж харддаг?
ЭЕРЭГ ХАРИУЛТ: ШХАБ бол цэргийн блок биш. 2014 оны Душамбид болсон уулзалтанд Цэрэг армийн байгууллага болохгүй гэдгээ зарлаж 10 жилийн хөгжлийн хөтөлбөр гаргасан. Тухайлбал Энэтхэг, Хятад хоёр хэзээ ч цэргийн нэг эвсэл болохгүй. Энэтхэг Пакистан хоёр бүр дайны байдалд байна.
СӨРӨГ ХАРИУЛТ: ШХАБ-ыг цэргийн блок биш гэхэд маш зөрчилтэй. Гишүүн орнууд яг ямар байдалд байна вэ гэдгээс хамаарна. 2016 онд тус байгууллагын хамгийн нөлөөтэй оролцогч БНХАУ терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэл гэсэн гурван чөтгөртэй байлдах нь бидний гол зорилго гэж хэлсэн. Эндээс Хятад салан тусгаарлах-хэт даврах гэдэгт Шиньжян, Төвдийг нэн тэргүүнд оруулан тооцож дотооддоо цэргийн хатуу хяналт тогтоохоо гадаад ертөнцтэй ШХАБ-аар дамжуулан илэрхийлдэг гэж уншигдана.
Үүний өөр нэг нотолгоо бол 10 гаран жил гишүүнээр элсэх хүсэлтээ тавьсаар байгаа Турк улсыг Хятад ШХАБ-ын гишүүнээр оруулахгүй байгаа нь Шиньжян дахь салан тусгаарлах үзлийг нэг шашны нөлөөгөөр дэмжих аюултай гэж үздэг гэж Туркийн талд харлагддаг.
Харин ОХУ-ын хувьд ШХАБ-ыг 100 хувь цэргийн бааз болгох сонирхолтойгоо удаа дараа мэдэгддэг. Анх Астанагийн тунхаглал гэж гаргахдаа ОХУ нь Оросын нөлөөний төв азийн улсуудад АНУ-ын цэргийн баазыг байгуулахгүй гэдгийг зарлуулсан. Гэтэл 2015 оноос АНУ хоёр цэргийн дамжин өнгөрөх боомтыг Казакстанд байгуулж, Манас нэртэй боомтыг Киргизстанд байгуулсан. Үүний дараа Тажикстан АНУ-ын саналд ээлтэй хандах болсон.
Энэ байдал ОХУ-ыг маш ихээр бухимдуулж ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгуу ШХАБ-ын дэргэд Цэргийн зөвлөлүүдийн зөвлөл байгуулах санал гаргаж эхэлсэн. Үүний дараа Сочид болсон форумд ОХУ-ын талаас ШХАБ-ыг ЕвроАзийн орон зайн аюулгүй байдлыг хангах гол байгууллагаар явуулах саналыг хэлсэн.
ОХУ энэ бүс нутагтаа хүчээ авахгүй бол НАТО-ын эсрэг сөрөн зогсох гол стратегийн бүс болсон Украин, Беларус, Латив, Гүрж зэрэг орнууд маш хүнд байдалд орж байгаа. Тэр дундаа 2014 оны Кримээс хойш Европоос бүрэн тусгаарлагдаж, АНУ-ын худалдааны хоригт хүнд цохилт авсан. Эдийн засгийн ийм таагүй байдлаас болж Путины нэр хүнд ОХУ-д мэдэгдэм унаж байгаа нь угаас хатуу гадаад бодлоготой уг хүчирхэг орон ШХАБ-ыг НАТО-ын эсрэг хүч болгохоос өөр сонголтгүй болгож байна.
АСУУЛТ 2. ШХАБ нь Эдийн засгийн интеграци мөн үү?
ЭЕРЭГ ХАРИУЛТ: ШХАБ нь 2015 оны ОХУ-ын Уфа-д болсон чуулганд Эдийн засгийн интеграци болохгүй гэдгээ зарласан. Гэхдээ ШХАБ нь Эдийн засгийн маш идэвхитэй бүсийг цогцлооно. Учир нь энэ л байгууллагын хүрээнд Монголыг оруулсан Эдийн засгийн коридор, Нэг бүс-Нэг зам зэрэг том төслүүд хөдөлсөн.
Өнөөдөр ШХАБ-ын хүрээнд Хятад, Казакстан хоёрын хооронд худалдаа улам хөгжиж 20 сая тонн газрын тосыг Шиньжянруу гаргаад байна.
Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын дунд 2016 оноос аялал жуулчлал, худалдааг хөнгөвчлөх, тээвэр, шинжлэх ухаан, байгалийн гамшиг, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах олон бичиг баримт зурагдаад байна.
СӨРӨГ ХАРИУЛТ: ШХАБ-ын гишүүн орнууд угаасаа интеграци болох боломжгүй. Жинхэнэ Эдийн засгийн интеграци бол Европын холбоо юм. Гэтэл интеграци болно гээд гишүүн 8 орноо нэг мөнгөн тэмдэгтэй болгох уу. Үгүй юмаа гэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа гээд чөлөөтэй худалдаа хийж, хил гаалиа нээгээд орвол хамгийн том хожигч нь Хятад, хожигдогч нь бусад жижиг орон болж дуусна.
Тиймээс саяхан ярьсан Гаалийн хөнгөлөлт, эдийн засгийн харилцан хамтрал, худалдааны дэмжлэг бол Монгол шиг оронд шагнал биш дампуурлын дохио.
Эдийн засгийг дэмжих маш олон бичгийг жилдээ ганц хийдэг том форум дээрээ зурдаг ч бодит байдал дээр хэрэгжиж эхэлсэн төсөл нэг ч байхгүй байна. Хийн хоолой, зам харилцаа гэдэг үг бүр үнэндээ ганцхан Хятад талаас л гардаг болохоос ОХУ, Энэтхэг гээд бусад долоон орон нь эдийн засгийн ямарч идэвхитэй харилцаа хөгжүүлж чадаагүй.
АСУУЛТ 3. ШХАБ-ын гишүүн орнуудыг харахад Энэтхэгийг эс тооцвол Монгол шиг Ардчилсан тогтолцоотой, чөлөөт сонгуулийн системтэй орон байхгүй. Тиймээс үнэт зүйл нэг биш нэгдэлд орох нь ямар вэ?
ЭЕРЭГ ХАРИУЛТ: ШХАБ дэлхийн ямарч улсын үнэт зүйлтэй зөрчилдөхгүй. Учир нь 2002 онд гаргасан ШХАБ нь Хартад НҮБ-ын дүрмийг урирдлага болгоно гэсэн. Ингэснээр бид гишүүн орнуудынхаа дотоод асуудал, сонгосон тогтолцоог харилцан хүндэтгэж хамгаална. Үүнийгээ батлаж НҮБ-ын НБД нарын газартай гэрээ байгуулсан гэж хариуллаа.
Эцэстээ ШХАБ бол бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллага. Монгол улс НСД, АСЕАН гээд ШХАБ шиг бүс нутгийн байгууллагад элсэж л байдаг. Бүр хаа байсан Европын хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь гишүүн болсон. Тиймээс ШХАБ-ыг заавал хүндрүүлж үзэх шаардлагагүй.
СӨРӨГ ХАРИУЛТ: Ардчилсан, Эрх чөлөөт Үндсэн хуультай Монголд Үнэт зүйл нэг бус орнуудын эвсэлд нэгдэнэ гэдэг аажимдаа нэг гарт базуулсан дектатур улс болох аюултай.
Үүнээс илүү болгоомжлох асуудал бол Монгол улсын сүүлийн 30 жил мөрдөж ирсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, сүүлийн 400 жил мөрөөсөж ирсэн гуравдагч хөршийн бодлого бүгд өөрчлөгдөх аюултай.
ШХАБ-д бид нэгэнт элсэн орсон бол Монгол улсын Үнэт зүйлтэй харшилсан шийдвэр олон улсын давцанд тоглож эхэлвэл бид түүнээс гарч чадахгүй. Дээр нь АНУ-ын Мянганы сорилтын тусламж, ОУВС-ийн зээл тусламж, Японы эдийн засгийн хамтрал гээд хичээж хөгжүүлж ирсэн болгоноо алдах аюултай.
АСУУЛТ 4. ШХАБ-ын гишүүн орнууд Гадаад бодлогоо уялдуулан ажиллах тухай яригддаг. Энэ чинь Хятад Орос хоёр л гишүүн орнуудын гадаад бодлогын шийдвэрт нөлөөлнө гэсэн үг бишүү ?
ЭЕРЭГ ХАРИУЛТ: ШХАБ-ын гишүүн орнууд гадаад бодлогоо уялдуулан гаргана гэсэн нэг ч үг өгүүлбэр хэлж, албан бичиг гаргаж байгаагүй. Өнөөдөр ШХАБ-ын гишүүн жижиг орнууд болох Узбекстан, Киргизстан бүгд л хүссэн барууны оронд айлчилж, гадаад бодлогоо хөгжүүлж байна.
СӨРӨГ ХАРИУЛТ: ШХАБ-ын гишүүн болвол Монгол улс хүссэн ч эс хүссэн ч гадаад бодлогоо уялдуулах шаардлага үүснэ. Уг байгууллагын энгийн нэг шийдвэр нь өөрөө дэлхийн хэмжээнд нөлөөлөх шийдвэрүүд байх болно.
Тухайлбал ШХАБ нь ОХУ-ын саналыг дэмжиж НАТО-той зөрчилдсөн цэргийн сургуулалт, Хятадын саналыг дэмжиж АНУ-тай хийж буй худалдааны дайндаа нэгдсэн шийдвэр гаргалаа гэхэд Монгол яаж зөрж чадах юм бэ.
Тэр дундаа Монгол улс 2016 оны 55 орны АСЕМ-н дээд хэмжээний уулзалтанд төвийг сахих орон болох хүсэлтээ санал оруулахад санал унасан тул ШХАБ-ын гишүүн болоход дархлаагүй гадаад бодлоготой оролцох болно.
АСУУЛТ 5. ШХАБ-д ажиглагч статустай орнууддаа үзүүлдэггүй, гишүүн орнуудын нууцын зэрэглэлтэй ямар ямар бичиг баримт байдаг вэ ?
ЭЕРЭГ ХАРИУЛТ: ШХАБ-ын сүүлийн 14 жилд баталсан 80 гаруй төрлийн бичиг баримт нээлттэй сайт-даа оруулсан байдаг. Бүгд л гишүүн орныхоо аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөгжлийн төлөөх тэмүүлэлтэй.
Тухайлбал : Бүс нутгийн аюул болсон Хар тамхи, Цар тахалтай тэмцэх. Ирээдүй болсон Залуучуудын хамтын ажилллагааны гэрээ, Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, мэдээлэл технологи, хил дамнасан гэмт хэрэг, хүнсний аюулгүй байдал, зэр зэвсгийн эсрэг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг хөтөлбөр, гэрээ, харилцан тохиролцох бичиг баримтууд байгаа.
СӨРӨГ ХАРИУЛТ: ШХАБ ямарч сайхан бичиг баримт боловсрууллаа гээд гишүүн орнууд эцэстээ хэт супер хүчтэй хоёр оронд л захирагдах болно. Учир нь нууц ч бай, нууц биш ч бай тэдгээр 80 гаруй төрлийн бичиг баримтыг нарийн судлах боломж Монголд дутмаг байна. Эдгээр бичиг баримт анх 37 ширхэг байхад аварга том судалгааны нөөцтэй Энэтхэг орон маш олон тинктанкуудыг ажиллуулсан.
Гэтэл сургаар сонссоноороо үг хийдэг, судлах биш бусдад попрох гэж мэдээлэл хайдаг, ШУ-ны байгууллага, эрдэмтэдийнхээ нөөцийг ашиглаж чаддаггүй Монгол өнөөдрийн 80 гаруй бичиг баримтыг маш сулхан судлана.
Эрх Чөлөө сурвалжлага үргэлжилж байна...
Бээжин хот 2019.03.08
Эх сурвалж: Б.Ган-Очир