Үгийн энергийн хүч
Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл: Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгддэг. Энэ нь олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Аливаа аваар ослоос зүгээр үлдэх, жаахан шалбараад өнгөрөх үед хүмүүс азтайд тооцдог.
Тэгвэл тэр хүн”ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ээждээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. “Ээж” гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралын тарни болж буй хэрэг.
Гэтэл юухан хээхэнд бүдэрч ойчоод хөл,гараа хугалж гэмтээчихсэн хүн ч байдаг. Учир нь тэр хүн “ёо ёо” гэх юм уу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог.
Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн юманд уурлаж, ундууцахаараа дандаа “тэр муу, энэ муу” гэж ирээд ярьдаг. Олон удаа “муу, муу” гээд муулуулаад байгаа тэр хүнд ч тэр “муу” нь асар хүчтэй болж тусдаг.
Тэгэхээр үг гэдэг бол санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги юм.
Согтуу, доголон хүн явж байвал битгий шоолж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг.
Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг.
Амнаас үл унагах 7 үг
Гайтай, лайтай гэдэг үгийг
Ганц ч бүү хэлээч
Гамшиг сүйрлийг дуудагч
Гандуулах, гундуулах үг
Байхгүй гэдэг үгийг
Хэндч бүү хэлээч
Баялаг хөрөнгийг хоосруулагч
Балаг таригч үг
Юмгүй гэдэг үгийг
Ердөө ч битгий хэлээч
Ховор сайхан эрдэнэсийг ч
Хоосруулж устгах үг
Хараалын муухай үгсийг
Амандаа бүү хэлээч
Хамаг ид шидийг чинь устгах
Хамгийн хүчтэй хор
Худал хуурмаг үгийг
Хэнд ч бүү яриач
Хууртсан бүхний итгэл алдардаг
Хуншгүй муухай үг
Яанаа гэдэг үгийг
Ямагт битгий хэлээч
Цөвүүн цагийн хорлолын
Цөөн үгний нэг
Тэнэг гэдэг үгийг
Хүмүүст бүү хэлээч
Тэнүүн ухаантныг мунхруулах
Тамаас илгээсэн хараалын үг