Монголын тухай Америкийн геополитикч ингэж бичжээ
Нэгэн үед Орос улс Төв Азийн далайд гарцгүй тэрхүү орны хамгийн том холбоотон нь байсан ч өдгөө тэнд нөлөөгөө тогтооход бусад орны ширүүн өрсөлдөөнтэй тулгарах болжээ.
Геополитикийн асуудал, улс орнуудын аюулгүй байдлын бодлогын талаар мэдээлэл, сурвалжлага бэлтгэдэг "Global Security Review" сайтын судлаач Никола Микович Монгол дахь Оросын нөлөө сүүлийн жилүүдэд хэрхэн буурсан талаар анализ бичсэнийг орчуулан хүргэж байна.
Англи хэл Оросыг гүйцэж Монголд хамгийн түгээмэл яригддаг гадаад хэл болж байгаатай зэрэгцэн барууны корпорациуд Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн ихэнх хувьд хяналт, нөлөөгөө тогтоожээ. Ашигт малтмалын салбар бол Монголын эдийн засгийн амин чухал хэсэг юм. Дэлхийд одоогоор илрээд байгаа нийт нүүрсний нөөцийн 10 хувь нь хуучин Зөвлөлтийн дагуул улсуудын нэг тус оронд агуулагддаг.
Монголын уул уурхайн аж үйлдвэрийг Оюу Толгой болон Таван Толгой гэсэн хоёр компани давамгайлдаг. Хувьцааны гуравны хоёрыг нь Канадын болон Британи, Австралийн фирмүүд эзэмшдэг Оюу Толгой нь монголын уул уурхайн голлох тоглогч. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар муу нэр зүүсэн Канадын "Рио Тинто" группын нөлөө Монголд маш их...
Уул уурхайн салбарын хоёр дахь том корпораци бол төрийн өмчит Таван Толгой. Саяхан монголын хууль тогтоогчид Таван Толгойн нүүрсний уурхайн 30 хувийг зарахыг зөвшөөрөөд байгаа... Уул уурхайн салбар нь Монголын ДНБ-ий ойролцоогоор гуравны нэгийг нь бүрдүүлж өгдөг. Ашигт малтмалын бүтээгдэхүүн тус орны нийт экспортын 89 хувийг хангаж байна. Хэдийгээр "Рио Тинто" гэх мэт барууны компаниуд тус орны эдийн засагт байр сууриа бат эзэлсэн ч Хятад улс Монголын гол худалдан авагч хэвээр байна. Харин эсрэгээрээ монголын эдийн засаг дахь оросын нөлөө ЗХУ-ын задралын дараа уналтад орсон юм.
1990-ээд оны үед Монголын Оростой хийх худалдаа 80 гаруй хувиар буурсан байхад Хятадтай хийх дипломат харилцаа, эдийн засгийн нөлөө хурдацтайгаар өсчээ. Харин сүүлийн хэдэн жилд ОХУ бүс нутгийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалах үүднээс Монголтой урьдын холбоогоо сэргээхийг эрмэлзэх болсон байна. Оросын засгийн газар монголын улсын өрийн 98 хувийг цайруулсны зэрэгцээ Орос-Хятадын хоорондох газрын тос дамжуулах хоолойг тус улсын нутгаар дайруулан барих гэрээг хийжээ.
Социалист дэглэмийн үед Монгол улс нь албан бусаар ЗХУ-ын бүрэлдэхүүний 16 дахь БНУ-д тооцогдож байсан гэхэд хилсдэхгүй бөгөөд иргэдийн ихэнх нь оросоор ярих юм уу ойлгох чадвартай байв. Харин өнөөдөр орос хэлний ач холбогдол монголчуудын дунд, ялангуяа залуусын дунд ихээхэн буурчээ. Кирилл үсэг нь монголчуудын хэрэглэдэг албан ёсны цагаан толгой мөн боловч залуус цахим орчин, олон нийтийн сүлжээнд Латин үсгийг галиглан ашиглахыг илүүд үздэг. Монгол хэл дээрх фэйсбүүкийн сэтгэгдлүүдийн бараг тал хувь нь латин үсгээр бичигдсэн харагддаг. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд кирилл үсгийг халж эхэлж байгаатай нэгэн адил Монголын төрөөс латин үсгийг стандартчилах ажил зохион байгуулах магадлал өндөр байна.
Орос Монголд зөвхөн эдийн засгаа нөлөөгөө алдсангүй, соёлын нөлөөгөө ч гэсэн аажмаар алдаж байна. Орос хэл нь монгол залуусын дундах хамгийн түгээмэл гадаад хэлний байр сууриа англи хэлд хэдийнээ тавьж өгсөн. Хэдийгээр орос хэл заадаг сургууль, их сургуулиуд монголд олон тоотой хэвээр байгаа ч цаашдаа хойд хөршийнх нь соёлын нөлөө тэнд багассаар байх болно.