Ханийн заяа...
Хүний хань ижил гэдэг бидний хамгийн үнэнч шадар туслагч халамжлан хүмүүжүүлэгч хамтран зүтгэгч хоёр биеийн хүзүү толгойгоор холбогдон гэр бүл хэмээх нэгэн биеийг бүрдүүлж байдаг Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд Таны амны хишиг амьдралын ханийн заяан дээр тогтож хувьцаат компаниар бол таны амжилт ололт сайн сайхан бүхний 51-ээс дээш хувь нь дэргэдэх хань ижилд чинь харьяалагдаж байдгийг ухааралгүй Английн Ерөнхий сайд Уйнстон Черчилль шиг муйхарлаж явдаг бол харамсалтай.
Нэгэн удаа Лондонгийн гудамжаар Черчилль авгайтайгаа салхилж явтал гудамжны цэвэрлэгч эр ойртон ирээд тэдэнтэй ярихыг завдах зуур Черчилль хээнцэр язгууртан зангаар Энэ надтай юу л ярих болдоо хэмээн ихэмсэг бардам бодон зогстол Уучлаарай тантай биш таны эхнэртэй чинь тав арван үг сольж болох уу хэмээн авгайтай нь ярилцаад явсны дараа Черчилль авгайгаасаа Энэ юун хүн вэ хэмээн хардангуй байдлаар харахад Аа манай арван жилийн дунд сургуульд байхдаа надад ухаангүй дурлаж байсан залуу л байна гээд хээвнэг гөвөхөд Черчиллийн уушиг зүрх нь бүүр дэлбэрэх шахан Харж байгаа биз, чи ийм амьтантай суусан бол өдийд хог цэвэрлэгчийн эхнэр болоод л явах байсийм хэмээн хашгирахад Уучлаарай Уйнстон минь хэрвээ тэгсэн бол чи биш харин саяын энэ хог шүүрдэгч залуу Английн Ерөнхий сайд болох байсийм гээд амыг нь тагласан алдарт болсон явдлыг та сонссон бизээ.
Билл Клинтон ч Намбарын Энхбаяр ч ерөнхийлөгч болоход олон хүмүүс авгай нарынх нь амны хишигтэйг атаархан шагширдаг ч үнэн хэрэгтээ төрийн тэргүүн болгосон хажуу ханийнх нь харагддаггүй тэрхүү хүч чадал удам судар ханийн заяагаар гарч ирсэн нөхрүүдийнх нь амны хишигтэйн асуудал л энд яригдах ёстой юм л даа. Харин эр нөхрөө элдэв хэл аманд орооцолдоход хүлцэнгүй тэвчээртэйгээр уучилсан төдийгүй саяхан Трамптай ана мана үзэлцэн Америкийн ерөнхийлөгч болчих дөхсөн нь Хиллари Клинтон авгайн амны хишиг дутсаных биш харин цагтаа айлын авгай хүүхэн татаж чангааснаараа хажуу ханийгаа амжилтын оргил ерөнхийлөгчийн суудлаас бас хойш нь чангаасан Билл Клинтоны заяа нь дутсан асуудал л энд яригдах байх.
Төрийн ч өрхийн ч тэргүүнүүдийн сүр жавхаа цэвэр цэмцгэр хувцас хунарыг хүмүүс өнгөцхөн хараад алмайран шагшраад байхаас биш үүний цаана үс гэзэг өмссөн зүүсэн өмд цамцны индүүдлэгээс эхлээд ар гэрт дэх хажуу ханийнх нь асар их хүч хөдөлмөр хичээл зүтгэл халамж анхаарал нуугдаж байдгийг хүмүүс бас л тэр бүр анзаардаггүй. Аян замдаа сайн яваад ажил төрлөө амжилттай гүйцээгээд ганзага дүүрэн олз омогтой ирэх нь эрчүүд бидний эрийн сайндаа ч биш харин энэхүү байхгүй хугацаанд ар гэрийн баттай түшиг болсон хажуу ханийн хараа сунган харуулдаж өдөр шөнөгүй чаддаг мэддэг итгэдэг юмандаа сүсэглэн залбирч цай сүү сэтгэлийнхээ ариун дээжийг өргөн дээлийн захыг тань мушгиж байдаг хажуу ханийн ариун цагаан бие сэтгэлийн үр жимс юм. Тиймээс төрийн ч бай өрхийн ч бай тэргүүнүүд хажуу ханийнхаа харагддаггүй тэрхүү нууцыг ухаарч амны хишгээ алган дээрээ бөмбөрүүлж тэднийгээ хайрлаж хамгаалж халамжилж ханийн заяаг хүртэх нь хүмүүн бидний амьдралын нэг утга учир, ухаарал гэмшил гэгээрлийн бас нэг хэлбэр мөн билээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт