Ш.Даваадорж: Антарктидын усанд шумбаж Гиннест нэрээ бичүүлнэ
Тамирчнаас асар их хатуужил, тэвчээр шаарддаг өвлийн усан сэлэлтийн төрлөөр хичээллэж, Монгол Улсаа олон улсад төлөөлөн тэмцээн уралдаанд оролцдог ганц тамирчин нь спортын мастер Ш.ДАВААДОРЖ юм. Он гарснаас хойш “Дэлхийн цом”-ын тэмцээнүүдэд амжилттай оролцсон түүнтэй өвлийн усан спортын талаар ярилцлаа.
-Сэтгэл зүйгээ бэлтгээгүй хүн хүйтэн усанд сэлж чаддаггүй-
-Зэрэглэл өндөр олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль ихэрлүүлэн ирсэнд баяр хүргэе. Явсан газрын сонин сайхан, оролцсон тэмцээний амжилтаасаа сонирхуулна уу?
-2018-2019 оны цуврал, “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлэхэд нь би оролцож таван зайд хурд хүчээ сорьсноос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд 18 улсын 400 орчим тамирчин оролцсон. БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сард олон улсын өвлийн усан сэлэлтийн их наадам болж, хоёр тэмцээнээс гурван алт, мөнгө, хүрэл тус бүр дөрвөн медаль авсан. Энэ тэмцээний дараа хоёрдугаар сард Тюмений мөстэй усан сэлэлтийн “Дэлхийн цом”-ын аваргуудыг тодрууллаа. Өвлийн усан сэлэлтийн дэлхийн холбоог өвлийн болон мөстэй гэж ангилдаг. Өвлийн усан сэлэлтийн дэлхийн холбоонд Монгол Улс гишүүнээр элссэн. Мөстэй усан сэлэлтийн холбоонд ч бүртгэлтэй бөгөөд би тамирчны статустай явдаг. Эдгээр холбоонд элссэн учир аль ч тэмцээнд нь оролцох боломжтой.
-Өвлийн болон мөстэй усан сэлэлт юугаараа ялгаатай вэ?
-Өвлийн усан сэлэлтийн тэмцээнийг харьцангуй дулаан нөхцөлд зохион байгуулдаг. Тиймээс олон улсын усан сэлэлтийн наадмыг БНХАУ-д хийсэн. Тэмцээний үед агаарын хэм +8, ус нь +2 градус байсан. Харин мөсөн сэлэлтийн тэмцээн ОХУ-ын Сибир, Арктик, Антарктидад болдог. Мөн тэмцээний хувьд богино зайн уралдаангүй байсныг энэ жилээс олон нийтийг хамруулахын тулд өөрчлөлт оруулсан. Мөсөн сэлэлт 2022 оны өвлийн олимпын нэг төрөл болно. Үүнд олон улсын тамирчид бэлтгэж, тэмцээн уралдаан зохион байгуулах нь олширсоор байна. Европт болж байгаа тэмцээнд би Азиас ганцаараа оролцдог. Хятадууд тэмцээнд оролцохоор мэдүүлдэг ч ус нь хүйтэн учир бэргээд байдаг талтай. Учир нь, тэд ихэвчлэн +2 -хэмтэй усанд ордог. Өвлийн усан сэлэлтийг хэмийн хувьд -2 +2, +2 +5, +5 +9 гэж ангилдаг. Дулаан усанд сэлэхэд эрсдэл харьцангуй бага байдаг. Хүйтэн усанд хүний хөдөлгөөн удааширч амь нас эрсдэх ч аюултай байдаг юм. Ер нь өвлийн усан сэлэлт 150 гаруй жилийн түүхтэй. Энэ спортын талаар олж мэдсэнээр 2014 оноос тэмцээнд оролцсон. Түүхийг нь сөхвөл, 1864 онд Английн нэгэн нууранд анхны тэмцээнийг зохион байгуулж байсан. Гарал үүслийн хувьд өвлийн усан сэлэлт анхдагч нь.
МОНГОЛ ХҮНИЙ ТЭСВЭРЛЭХ ЧАДВАР САЙН УЧИР ХЭР БАРГИЙН ХҮЙТНИЙГ АЖРАЛГҮЙ ДАВДАГ
-Өвлийн усан сэлэлтийн тэмцээнд ихэвчлэн европын орнуудаас тамирчид оролцдог. Тэнд болж байгаа тэмцээнд Азиас тэр дундаа Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөхөөр очиход хүмүүс хэрхэн хүлээн авдаг бол?
-“Монгол хүн сэлж чаддаг юм уу” гэж асуудаг. Тэмцээний дараа “Та нар сэлж чаддаг юм байна” гэдэг. Анхны тэмцээнд оролцсоноос хойш намайг олон улсын тамирчид мэддэг болсон. Одоо жилдээ олон улсын чанартай 7-8 тэмцээнд хурд хүчээ сорьж байна. Тэмцээнд оролцох болгондоо монгол хүн гэдгээ мэдрүүлэхийн тулд чонын арьсаар хийсэн малгай өмсдөг. Энэ нь нэг ёсны намайг бусдад таниулах имиж юм. Одоо би чонын арьсаар хүрэм хийлгүүлээд өмсч байна. Ер нь монгол хүн яагаад өвлийн усан сэлэлтээр хичээллэж чадаж байна гэхээр тэсвэрлэх чадвар сайтай, дөрвөн улиралтай учраас яэр баргийн хүйтнийг ажралгүй давдаг.
-Анх тэмцээнд хэрхэн бэлтгэж байсан тань сонирхол татаж байна. Хасах хэмтэй усанд биеэ яаж дасгасан бэ?
-Крантны хүйтэн ус +12, харзны ус +6 хэмийн дулаан байдаг. Тиймээс би эхлээд банндаа хүйтэн ус тосч тэндээ 20-30 минут хэвтэж биеэ дасгасан. Хэсэг хугацааны дараа хүйтэн ус бүлээн мэт санагдах болсон. Тиймээс усандаа мөс хийж хүйтэн болгосон. Ингэж хэвтэхээр +4 хэм болдог. Бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд ороход мөстэй крантны усанд хэвтэх юу ч биш санагдсан шүү. Анх тэмцээний үеэр хүйтэн усанд ороход шилбэнээс эхлээд зүүгээр шивж байгаа мэт мэдрэмж төрсөн. Түүнээс хойш таван жил өнгөрчээ.
-Монголчууд бид тос өөхтэй мах идсэний дараа хүйтэн усанд орохоор түгжрэл болдгийг мэднэ. Үүний нэгэн адил та ч гэсэн хасах хэмтэй усанд орохдоо хоол хүнсээ тохируулдаг болов уу?
-Хэрэглэж байгаа хоол хүнсэндээ анхаарахгүй бол түгжрэл үүсэх гээд байдаг. Тийм байдалд орсон олон хүнийг мэднэ. Туул голын эрэг дээр хорхог, боодгоо хийж идчихээд хүйтэн усанд орсноос түгжрэл үүсч ходоод гэдсээ тайруулсан хүн ч бий. Би өмнө нь бодибилдингээр хичээллэж, бас зөв хооллолтын талаар судалсан. Намайг хоол судлаач гэж хэлж болно. Би 1983 оноос бассейнд явж байна. Энэ үеэс л ямар хоол идэж болохгүйг мэддэг болсон. Бассейнд орохын өмнө бууз, хуушуур, цуйван зэрэг удаан шингэдэг хоол идэж болохгүй. Хэрвээ идчихээд бассейнд орвол тос нь амаар шууд гарна.
Өндөгний цагааныг л идэхээс гадна аль болох чанаж хэрэглэх хэрэгтэй. Би хонь, үхрийн мах иддэг ч өөхнөөс нь татгалздаг. Ер нь хүний булчингийн уургийг тэжээж байгаа гол зүйл нь мах шүү дээ. Өөрөөр хэлбэл, махнаас эрдэс бодисоо авч байгаа хэрэг юм. Үүн дээр нэмээд би тамирчдад зориулсан уургийг зохих хэмжээгээр нь хэрэглэдэг. Ер нь өдөрт 6-7 удаа өлсөхгүй бас цадахгүйгээр хооллох ёстой. Тэмцээнд амжилт гаргах нэг үндэс нь ингэж хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэх явдал юм. Үүн дээр нэмээд хүчний бэлтгэл хийх хэрэгтэй байдаг.
-Та бодибилдингээр хичээллэж байсан болохоор хүчний бэлтгэлийг өөрт хэрхэн тохируулж хийхээ мэддэг байх?
-1988 оноос бодибилдингээр хичээллэсэн. Усан сэлэлт, бодибилдинг харилцан уялдаатай спортын төрөл юм. 1990 онд би "Монголын сайхан залуу” тэмцээнд Эрдэнэт хотоос оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. 1991-1996 онд “Монголын мистер” тэмцээнд оролцохдоо жиндээ гурван удаа түрүүлж, багаараа алтан медаль авч байлаа. Энэ туршлагаасаа яаж бэлтгэл хийхээ мэддэг болсон. Мөн орос мэргэжилтнээс зааварчилгаа авч байсан нь надад маш их хэрэг боллоо.
-Та өвлийн усан сэлэлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Монголд хийлгэхээр хүсэлтээ өгсөн талаар ярьж байсан. Хариу нь ирсэн үү?
-Ирэх сард Хөвсгөл нуурт хийх эрх авсан ч олон зүйлээс шалтгаалан хойшлуулсан. Учир нь, дэлхийн чанартай ийм тэмцээнийг нэг холбоо дангаараа зохион байгуулж чадахгүй. Санхүүгийн хувьд ч амаргүй. БОАЖЯ, БСШУСЯ, ЗТХЯ-тай хамтран хийхгүй бол боломжгүй. Уг нь энэ тэмцээнийг хийвэл Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг алхам болно. Гадаадад ийм зэрэглэл өндөр тэмцээнийг хийхэд төр, засгаас нь дэмждэг. “Дэлхийн цом”-ыг Монголд зохион байгуулах эрхийг 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан. Тэмцээнийг тэр үед зохион байгуулахаар холбогдох газар нь материалаа өгчихөөд хүлээж байна. Үүнийг хэрхэх эсэх нь энэ сарын сүүлчээр тодорхой болно.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ЗАХИА БИЧНЭ
-“Дэлхийн цом”-ын тэмцээнийг Монголд зохион байгуулах зөвшөөрөл хүссэн талаараа холбогдох байгууллага, тухайлбал Биеийн тамир, спортын газарт хандсан уу?
-Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад хэлсэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар туслаач гэсэн хүсэлт тавиагүй. Харин БСШУСЯ-ныханд хэлэхэд нэг мэргэжилтэн нь “Ганцхан тамирчинтай холбоо гэж байдаг юм уу. Тэмцээнээ яагаад бидэнтэй ярилцахгүйгээр хийхээр болсон юм бэ” гэсэн. Тэр хүн ганцаарчилсан спорт нэг хүнээс эхэлдгийг мэдэхгүй байна. Тиймээс тэдэнтэй харилцахаа больсон. Ажпын саад, цаг хугацааны гарз юм билээ. Энэ утгаараа энэ жил зохион байгуулахаар төлөвлөсөн “Дэлхийн цом”-ын тэмцээнээ цуцлуулсан юм. Харин 2020 онд хийх тэмцээнээ ЗТХЯ, БСШУСЯ, БОАЖЯ-ны сайдуудад хандана гэсэн бодолтой байна. “Дэлхийн цом”-ын тэмцээнд 18-25 улсын тамирчин оролцохоор, бас энэ тэмцээнийг үзэхээр гаднынхан ирнэ. Ийм томоохон зүйлийг хийхэд зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ сарын 27-нд болох тэмцээнд явахаас өмнө дээр дурдсан яамдын хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан захиа бичнэ. Захиандаа тэмцээний талаар танилцуулж, ач холбогдол өгөхийг хүснэ. “Өвлийн усан сэлэлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг таны нэрэмжит болгомоор байна” гэж бичнэ.
-Өвлийн усан сэлэлтийн ганцхан тамирчинтай улс оронд зэрэглэл өндөр тэмцээн зохион байгуулах эрх өгөх амаргүй. Ер нь та дэлхийн чансаанд хэддүгээрт эрэмбэлэгдэж байна вэ?
-Дэлхийн чансаанд энэ жил долоо, өнгөрсөн жил дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн. Сүүлийн үед тэмцээнд оролцсон амжилтаараа дэлхийд хоёрдугаар байрт явж байгаа. Удахгүй болох тэмцээнд хангалттай амжилт гаргавал дэлхийд чансаагаар тэргүүлэх боломж надад байна. Би сүүлийн тэмцээнийг. оролцуулаад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 68 медаль авснаас алт, мөнгө тус бүр 27, үлдсэн нь хүрэл медаль байгаа юм. Хүн бүр ийм амжилт гаргаж чадахгүй. Хамгийн гол нь 2013 онд зорилгоо тодорхойлсон учир замаасаа хазайж болохгүй.
-2022 оны өвлийн олимпод Монгол Улсын төрийн далбааг мандуулах нь таны хамгийн том зорилго байх. Үүний тулд өөр шигээ өвлийн усан сэлэлтийн тамирчдыг бэлтгэх шаардлагатай болов уу?
-Мэдээж 2022 оны өвлийн олимпод амжилттай оролцох нь миний зорилго. Гэхдээ олимпод оролцох өвлийн усан сэлэлтийн тамирчин бэлтгээгүй. Усанд сэлэлт сонирхогчдын холбооны 300 гаруй тамирчин манай улсад бий. Тэдгээрийн 70 хувийг 9-14 насныхан эзэлнэ. 16-аас дээш насныхан нь үлдсэн хувийг бүрдүүлдэг. Тэдэнд би 2014 онд “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцоод ирснийхээ дараахан өвлийн усан сэлэлтийг хөгжүүлж, эх орныхоо нэрийг гаргах боломж байгаа талаар хэлэхэд татгалзсан. Арга ч үгүй. Сэтгэл зүйгээ бэлтгээгүй хүн хүйтэн усанд сэлж чаддаггүй. Тиймээс би хүнийг хүчилж ятгахгүй. Дээр нь би тамирчин учраас тамирчнаа бэлтгэж чадахгүй. Багш болсны дараа тамирчин, бэлтгэх боломж бүрдэх байх. Гэхдээ би зодог тайлах болоогүй шүү. /инээв/
НАСАНД ХҮРЭГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧГҮЙГЭЭР УСАН СПОРТЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХГҮЙ
-Өвлийн усан сэлэлтийн арвин туршлагатай болохоор дээрх асуултыг тавьсан юм. Ер нь усан сэлэлтийн спортод дасгалжуулагчийн нөөц бололцоо ямар байдаг юм бэ?
-Монголд 1986 онд усан сэлэлтийн анхны тэмцээн болоход зэрэг цол өгсөн. 64 хүнээс гурав нь насанд хүрэгчдийн нэгдүгээр зэрэг авсны нэг нь би. Нөгөө хоёр нь одоо дасгалжуулагчаар ажиллаж байна. Усан сэлэлтийн тамирчдын хувьд би хамгийн ахмад нь, энэ жил 50 настай. Надаас хойш тамирчин байж байгаад дасгалжуулагч болсон есөн үе бий. Тэдний хэрхэн ажилладаг арга барилыг би мэднэ. Учир нь, бидний анхны багш нар орос хүмүүс байсан. Гэхдээ мэргэжлийн бус, сэлүүрт болон далбаат завь жолоодогчид байсан юм. Тэр хүмүүс усан сэлэлтийн анхан шат, өсвөр, залуучуудад хичээл заадаг нь хангалттай байсан. Харин насанд хүрэгчдэд хичээл заах багш байгаагүй. Үүнийг одоо ч харж болохоор байгаа юм. Монголчууд усан сэлэлтээр амжилт гаргах боломжтой. Харамсалтай нь, насанд хүрэгчдийн мэргэжлийн дасгалжуулагчгүйгээр амжилтад хүрэхгүй. Манайд олон улсын хэмжээний мастеө гурав бий. Гэтэл тэд тэмцээнд оролцохоор 103 хүнээс яагаад 96-д ороод байгаа юм бэ. Энэ нь бид цаг үеээсээ хоцроод байгааг харуулж байгаа хэрэг. Манайх Оросоос хуулбарлахдаа хэт сул норматив тогтоосон учраас чанаргүй мастеруудтай байгаа юм.
-Өөр арга техникээр бэлтгэл сургуулилт хийвэл олон улсад гарах тамирчин манайд байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Манай тамирчид гадаадад очоод мэргэжлийн багштай бэлтгэл сургуулилтаа хийвэл Азидаа эхний гуравт эрэмбэлэгдэх боломжтой. Тэгж чадахгүй бол яст мэлхийн хөгжлөөр яваад ахиж дэвшихгүй.
-Гэхдээ та ч гэсэн дасгалжуулагчгүй мөртлөө олон улсын тэмцээнд амжилт гаргаад л байна шүү дээ?
-Би тэмцээн болохоос хэдэн хоногийн өмнө очоод олон орны тамирчинтай хамтарсан бэлтгэл хийдэг. Олимп, дэлхийн аваргын гарын техник ямар байгааг харж, заавар зөвлөгөө авдаг. Энэ мэтчилэн явсаар өнгөрсөн таван жилийн хугацаанд олон найзтай болсон байна.
-Олон улсын тэмцээнд оролцох зардлаа та хэрхэн зохицуулдаг вэ?
-Дандаа өөрөөсөө гар- гадаг. Өмнө нь бизнес хийдэг байсан ч одоо спортдоо л анхаарал хандуулдаг болсон. Гурван өрөө байраа нэг болгож зөрүү мөнгөөр нь тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцохын тулд зарж болох бүхий л зүйлээ худалдсан даа. Одоо надад зарах юм байхгүй. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй тэмцээнд оролцоход түүнээс дөрвийг нь гурван хүн бүрэн дааж байсан. Гэхдээ энэ асуудал биш. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Тэгж чадвал 2022 оны олимпод оролцож чадна. Тэр л чухал. Би саяхан ОБЕГ-ын аврагч-тамирчин болсон. Тиймээс санхүүгийн хувьд боломжийн болох байх гэж найдаж байна. Одоо 2022 оны олимпод анхаарлаа хандуулна. Дараа нь 2025 онд Антарктидын усанд шумбаж Гиннесийн номд нэрээ бичүүлмээр байна. Тэгээд 2050 он гэхэд зодог тайлаад бууз хуушуураа идэж, монгол сархдаа хүртье гэж бодож байгаа даа.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин