Бор гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд эсрэгээрээ аюул дагуулж цусны аюулт халдварт өвчин тусдаг
Урин дулаан цаг ирж байгаатай зэрэгцэн бор гөрөөсний хууль бус ан агнуур цөөнгүй гардаг. Монголчууд хаврын улиралд яргуй идсэн бор гөрөөсний цус уух гэж энэ амьтныг агнах, хилээр гаргах зэрэг зөрчлүүд илэрдэг. Гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд эсрэгээрээ аюул дагуулж цусны аюулт халдварт өвчин тусдаг болохыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан анхааруулж байна.
Бор гөрөөсний цусанд аюулт халдварт өвчин үүсгэдэг babesia venatorum гэх нэг эст шимэгч амьдардаг байна. Энэ нь хачгаар дамжин гөрөөсний цусанд орж, халдварладаг нь тогтоогджээ. Манай эрдэмтэд япончуудтай хамтран судалгаа хийгээд Монгол оронд тархсан хачигнаас дээр дурдсан шимэгчийг илрүүлсэн байна. Гөрөөсний цус ууж, нэг эст уг шимэгчээр халдварласан тохиолдолд цус багадах эмгэг үүсдэг, мөн дэлүү, чөмгөнд бүрэлдэх улаан эсийн тоо буурдаг байна.