Ээждээ...
Ээж намайг хөлд орох хүртлээ цулцгар цагаан биетэй, огт уйлдаггүй, уурлахаараа дэмий л биеэ базлаад байдаг хүүхэд байсан гэдэг. Харин хөлд орсноос хойш байнга л гадаа наранд зундаа харлаж өвөлдөө борлож байснаас ээжээс надад Мухар бор нэр хайрласан юм. Бага байхдаа их сониуч сахилгагүй, болохгүй гэсэн юмны цаана заавал гардаг, аавдаа загнуулдаг, ээжээрээ өмөөрүүлдэг хүүхэд байв.
Манай нутагт Шагдаржав Шаагаа ах гэж миний мэдээ орохын л хуц ухна хариулдаг, хамаргүй хүн байсан. Би жаахан байхдаа ээжээс Шаагаа ах яагаад хамаргүй юм болоо гэхэд, Шаагаа ах нь залуудаа их сахилгагүй хүүхэд байсан, тэгээд нэг өдөр нусаа чангахан нийсэн чинь хамар нь мултраад уначихсан юм гэнэлээ гэж хэлсэн нь намайг томоотой хүн болоорой гэсэн үг байв.
Ээж аргал түүх, хонинд явахдаа намайг бүсэлхийгээр оосорлон ханын шийрнээс уяад явдаг байв. Энэ нь гадаа гарч осгож хөлдөх, зуух руу түлэгдэх зэрэг аюулаас хамгаалах зорилготой байв. Би бага байх гурван наснаас хойшхи бүх зүйлийг тод санадаг юм. Хамгийн анхны ухаан орж тод санадаг зүйл бол хоёр нас өнгөрч байхдаа ээжийн зуухнаас гаргасан халуун нурман дээр чармай нүцгэн сууж анх мэдээ орж байснаа санадаг юм. Тэр үед манайх Цагаанчулуутынхаа хаваржаан дээр байсан, мал ид төллөж байсан үе юм.
Бага байхдаа хурга ишигтэй их тоглодог байсан. Хөлд орж мэдээ орсноос хойш орны хөлд уяагдахгүй хаа сайгүй дэмий тэнэж харзны зах, хурганы хашаа хавиар өдрийг өнгөрөөнө. Зуны дэлгэр сайхан өглөө ээж унтаж байгаад сэрээд арваад хүүхдээ бүртгэж үзэхэд нөгөө Цогоо хаана ч байхгүй байхыг олж мэдсэн ээж ихэд сандран, хаачив ийчив, харзанд унаад үхсэн болов уу хэмээн айж харзны захад байх хурганы хашааг зүглэж ирэхэд би хурга ишгэн дотор тайван гэгч унтаж байсан гэдэг. Хүүе миний хүү гэх дуунаар гурван настай жаалхүү би нойроо харамлан, нүдээ нухлан ихэд дурамжхан босож ээжийг дагаж гэртээ орж, ээжийн өглөөний цайны халуун галд дахин нам унтсан гэдэг.
Ээж маань юмханаар юм хийдэг нэг багаж хэрэгслэлийг олон зориулалтаар ашиглаж чаддаг, харганы ноос түүж эсгий хийх анзааны хөдөлмөрч хүн байв. Галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж, араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгодог байсан нь үүний нэг өчүүхэн жишээ юм.
Аавыг өнгөрсөн жилийн тэр зун ээж биднийгээ аваад бүх мал идээгээ туугаад өөрийн төрсөн нутаг зэргэлдээ Сантмаргаз сум руу нүүхийм болоод явчихав. Тэгээд намайг найман сарын ид халуунаар За миний хүү яваад хэдэн тэмээгээ олоод ир гэдэг юм байна. Би ч ухасхийн хөтөлгөө морьтой өглөө үүрээр таван литр хар цай, хэдэн боорцог ааруул богцолж аваад л эгц урагшаа дөчөөд км аавынхаа Аргалын харын өвөлжөө хүрээд баруун тийш морьдынхоо жолоо залан хөдөө сээрээр самнан, эзгүй хээрээр эмээлээ дэрлэж хоноглосоор Дааган дэл хүрч тэмээгээ ихэнхийг цуглуулсаар айлын өвөлжөө өвсний хашаа бараадуулж бөөгнүүлсээр ганц олоогүй Хар тэмээгээ гурав хоног хайж хайж бүр аргаа ядан орхиод олсон таван тэмээгээ бөөгнөрүүлж аваад гэрийн зүг жолоо эргүүлж билээ.
Бусах замдаа шөнө хээр мөн л эмээлээ дэрлээд тохмоо дэвсээд одон орон судлалын багш Маабазар багшын хичээл, тэнгэрийн тоо томшгүй олон одыг харж хэвтэхдээ дэлхий ертөнцийн тухай шохоорхон бодож, орчлон ертөнц амьдрал ахуйн учир начрын тухай толгойгоо гашилган бодон хэвтээд зүүрмэглэх шиг болоход хэн нэгэн чихэнд Хүү минь ямар ч юманд санаа зовних хэрэггүй, бүх юм маш энгийн бөгөөд гурван юмны нэгдэлд оршдог юм гэж шивнэх шиг болж билээ. Өглөө босоод хартал дэвсээд унтсан төхөм байдаггүй.
Эргэн тойронд хартал үүд хоймрын чинээ газар харганы ёроолд эмээлийн тохом хэвтэж байх юм. Салхинд хийсээд л явж дээ гэж бодоод морьдоо эмээллэж мордоод замдаа Загиржав Адиагийнхаар буугаад амны цангаагаа гарган хүйтэн хярам залгилах зуураа юу болсон тухайгаа өгүүлтэл Адиа Манай нутагт газрын гүүц гэж тийм юм байдаг юм, хээр дэвсээд унтаж байгаа хүний тохом энэ тэрийг аваад шидчихдэг юм зүгээрээ зүгээр гэж тайтгаруулж билээ. Газрын гүүц нь байсан уу, Тэнгэр элч нь байсан уу ямар ч гэсэн надад нэг тийм юм тохиолдох нь тохиолдсон юм.
Тэгээд гэртээ таван тэмээгээ туусаар ирэхэд манай нутгийн Цэрэндорж ах манай ээж, дүү хоёрыг нүүлгэхгүй байх талаар ихэд нухацтай зөвлөн цай ууж ёстой л нэг үглэн зөвлөн сууж байв. Манай нутгийнхан түүнийг хүмүүст зөвөлгөө их өгдөг болохоор нь тэрүү Үглээ Цэрэндорж гэж авгайлдаг ч Цэрэндорж ах их сайн хүн байсан, тиймдээ бэлэвсэрч хоцорсон ээж бидэнд тэгэхэд аавын ёсоор ахын ёсоор чин сэтгэлийн зөвлөгөө өгч байж. Цэрэндорж ах Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Зуны зун амралтаараа нутагтаа ирмээр байдаг, чамайг гээд Сантруу явах болдог. Ийм л байна. Битгий нүү гэж ятгасаны дээр Хар тэмээгээ миний хүү олсонгүй ирлээ. Яаж нүүхэв гэж ээж хэлээд бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг Аргалын хар Хүнгүйн голын хооронд нүүн суун сахисаар хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ Тэнгэрт халиж билээ.Манай нутагт 1967-68 оны мичин жилийн өвөл айхтар зуд болсныг би сайн санадаг юм. Тэр зуднаар манай аав ээж хоёр ганц ч борлон үхүүлэлгүй онд мэнд орж Аймгийн аварга малчин болж ээж маань Завхан аймгийн Туяа сонин дээр гарч мандаж байлаа.
Энэ нь аав ээжийн маань нөр их хөдөлмөр, Аргалын хар уулсын маань нөмөр нөөлөг байсан болов уу.
Миний ээж яаж арваад хүүхдийнхээ гутал хувцасыг оёж, зуны аагим халуунд нэгдлийн гурванзуугаад хонь өдөрт хоёр удаа сааж, араг аргаар аргал түүж, өвлийн хүйтэнд араг аргаар цас хайлж биднийг хооллож ундалж хүний зэрэгтэй болгосон юм болоо. Одоо бодоход ээж маань хоногт гурав дөрвөн цаг л унтаж, хүзүү голдуу яс мөлжиж, хусам, хоолны үлдэгдэл голдуу идэж, бидэнд цай хоолныхоо хамгийн дээжийг нь өгч байж.
Ээж аав маань биднийг ер нь хоол хувцас хунар гээд юугаар ч дутааж байгаагүй. Яахав хөдөөгийн тэр үеийн амьдрал, зуны дэлгэр цаг гээд бид арав хүртлээ чармай нүцгэн өссөн. Харин арван наснаас хойш ичээд нэг даалибан дотоожорхуу юм өмсөнө. Ээжийн зуны гурван сарын турш хамгийн их хэлдэг хэлц үг нь Хай, тэр үхэр тугал, хонь хурга нийллээ Цогоо миний хүү гүйгээрээ л гэдэг байлаа. Би ч голын сайр говийн зангуун дээгүүр хар хурдаараа хөл нүцгэн гүйн үхэр тугал, хонь хургыг хоёр тийш салгадаг байв. Одоо бодоход тэр хурдаараа л ээжийнхээ ачийг хариулж байж дээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт болж өнгөрсөн олон улсын марафон гүйлтийн насныхаа ангилалын мянгаад хүнээс мөнгөн медаль авч, хоёрт орсон нь багадаа ээжийнхээ хонь хурга, үхэр тугалыг нийлүүлэхгүй гэж өдөржин гүйжээснийх байх.
Хэрэв нэг л өдөр хонь хурга нийлвэл тэр өдрийн нэгдэлд тушаах дал наян литр сүү будаа. Аав ээж хоёр маань сум нэгдлээс өгдөг үйлдвэрлэлийн даалгаварыг хамгийн түрүүнд аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хаадаг хүмүүс байж билээ. Ер тэр үеийн хүмүүс тийм л байсан, нам засгийн даалгавар ч хатуу байж.
/Хайрт ээж Гармаад зориулсан дөрвөн мөрт/
Суль хирийн шүүрээр хоймороо цэвэрлэх эзэгтэй
Суу цэцэн ухаанаар сэтгэлээ шүүрдэх хатагтай
Сургаалт мэргэн үгсээр хүүгээ номлох ижий
Сүүн цагаан хайраар хадмаа бялхаах гэргий
Эрлийн хүмүүс ирлээ ч идээ будаа нь өрөөстэй
Эхнэр бэр буулгаа ч дээлийн торгууд хуйлаастай
Айлын хүүд атгуулах чихрийн хүүдүй нь дүүрээстэй
Аяны хүмүүст илүүчлэх сүүний савнууд мэлтээстэй
Дэгжин хөөрхөн царайг нь нутгийн харцуул шагширлаа ч
Дээл хотны хормой нь дэрвэнэ ч гэж үгүй ээ
Дэнжийн гэрийн цэмцгэрийг нь нугын самгачуул сайрхлаа ч
Дэмий сул үг унагана ч гэж үгүй ээ
Алсад одсон нөхрөө сар жилээр хүлээх ч
Ариун сэтгэлийн дээжээ цаг нараар ч өргөн
Хурган доторт дээлэнд нь торгон гадар эмжиж
Хоргой хантааз шаглан ээтэн гутлыг нь ширлэнэ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт