Говь-Алтай, Ховд аймгуудад хаваржилт хүндэрчээ
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллалаа. Ажлын хэсэг аймгуудын Онцгой комиссыг хуралдуулж, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон байна.
Говь-Алтай аймгийн хувьд аюулгүйн нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639,5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэжээ. Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр 02 дугаар сарын 12-наас эхлэн Шарга суман дахь аюулгүйн нөөцийн агуулахад хадгалж буй өвсийг хямдруулж 7000 төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн байна. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байгаа аж.
Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй зургаан худгийг Есөнбулаг, Дэлгэр, Халиун, Тонхил, Шарга, Чандмань суманд гаргасан. Мөн малчдын санаачилга, хувийн хөрөнгөөр Алтай, Бигэр, Дарив, Тонхил, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг гэсэн найман суманд нийт 20 энгийн худаг гаргаж, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлжээ. Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шуурч, 02 дугаар сарын эхний арав хоногт цас үргэлжлэн орж, хүйтний эрч чангарч, цасны зузаан нэмэгдсээр өвөлжилт, хаваржилт хүндрээд байна.
Харин Ховд аймгийн 13 суманд хаваржилт хүндэрсэн. Нийт нутгийн 80-90 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тиймээс Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Ховд аймгийн хаваржилтын хүндрэл, нөхцөл байдлыг үндэслэн эхний ээлжинд 450 тн өвс, 270 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ.