Венесуэл улсад шинээр ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалсан тогтоолын төслийг батлах асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хуралдааны үеэр ОХУ болон БНХАУ хориг тавих эрхээ ашиглажээ.
АНУ-ын санал болгосон уг тогтоолын төслийг батлахыг АЗ-ийн 15 гишүүнээс ес нь дэмжсэн бол ОХУ, БНХАУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс /ӨАБНУ/ эсэргүүцсэн байна. Харин гурван улс түдгэлзжээ. “АЗ-ийн гишүүдийн нэг нь л эсэргүүцсэн санал өгсөн бол тогтоол батлагдахгүй” гэж зөвлөлийн дарга хэлсэн байна.
Тогтоолыг нь батлахгүй гэдгийг АНУ-ын эрх баригчид урьдаас мэдэж байсан бөгөөд эсэргүүцсэн санал өгсөн орнуудыг Венесуэлд хүмүүнлэгийн тусламж оруулахад саад болж байна хэмээн буруутгахын тулд л ашигласан гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдсэн байна. “Өнөөдрийн хуралдааныг хүмүүнлэгийн үйл ажиллагаа бус жинхэнэ дотоодод халдан орох бэлтгэл үе шат болгон ашиглахаас, НҮБ-ын АЗ Венесуэлийн байдлыг зохицуулах чадваргүй гэх нэрийдлээр хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглаж болзошгүй гэдгээс бид маш их болгоомжилж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Харин НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ма Жаосюй мэдэгдэхдээ, “Америкийн тогтоолын төсөл Хятад улсын байр суурьтай зөрчилдөж байна. Тиймээс бид эсэргүүцсэн санал өглөө” гэжээ.
“АНУ-ын санал болгосон тогтоолд энэ мөргөлдөөний үндсэн шалтгааны талаар тусгаагүй байна” гэж ӨАБНУ-ын байнгын төлөөлөгч Жери Мэттьюс онцлон тэмдэглээд, баримт бичгийн агуулга нь нэг талыг баримталсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.
Тогтоолын төсөлд зааснаас үзвэл, түүнд “чөлөөт, шударга сонгууль явуулах улс төрийн үйл явцыг эхлүүлэх”, мөн “Венесуэлийн хүмүүнлэгийн нөхцөл байдал цаашид улам дордохоос урьдчилан сэргийлэх болон тусламж үзүүлэх” тухай дурджээ. Үүнээс гадна, “ардчилал, хууль дээдлэх ёсыг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, мөн шинээр ерөнхийлөгчийн сонгууль явуулах нөхцөл бололцоогоор хангахын тулд эрх мэдлээ ашиглахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уриалах” тухай заасан байна. Үүний сацуу, 2018 оны тавдугаар сард болсон сонгуулийг хууль бус гэж хүлээн зөвшөөрөхийг Америкийн баримт бичигт тусгажээ.
Бас нэг зүйл заалтад мөн “Венесуэлийн сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассамблей буюу парламентын бүх гишүүн болон улс төрийн сөрөг хүчний гишүүдийн аюулгүй байдлыг хангахыг” уриалсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг