Бүргэдийн баярт...
Хөх тэнгэрийн мандалд хурд хүч эр зоригоороо эн зэрэгцэх дайсангүй хүрэн бүргэд, тал нутгийн хөндийд танхил хүлгийн зоон дээр эрч хүч эрх чөлөөгөөрөө гайхуулж ирсэн хөх монгол эрчүүд хоёрт ижил төстэй юм зөндөө бий. Тиймдээ хүн төрөлхтөн эрт дээр үеэс уулын хүрэн бүргэдээр сүр сүлд хийморь туг далбаагаа билэгдэж ирсэн төдийгүй бүргэд шиг эрэмгий дайчин зоригтой талын хөх монгол эрсээс үргэлж зүрхшээж хана хэрэм ч босгож ирсэн түүхтэй.
Уулын хүрэн бүргэд эрийн цээнд хүрч үүрдийн хань ижилээ олж сонгохдоо өөрийн хурд хүчний гайхамшигт хувилбаруудыг эмэгчин бүргэддээ агаарт үзүүлж уяраагаад үнэнч байхын баталгаа болгож гар савруунаасаа хоёул барилцан газрын энгэр рүү хар хурдаар доошилсоор газар мөргөдгийн даваан дээр халин дээш нисэн хавцал өндрийн оройд очин харгана бут өд сөдөөр өрх гэр үүрээ засч хосоороо амьдарч эхэлдэг нь насан туршдаа хамтдаа амьдрах хүмүүн ёсны үнэнч хосуудтай адил.
Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэж гурав дөрвөн сарын эхээр өндөглөж эмэгчин бүргэд өндгөө хоёр сар шахам дарсны дараагаар ангаахайлдаг. Эр нь идэш хоол олохоор ан авд мордож, эм нь үүрээ сахин үрсээ тэжээн үлдэж дэгдээхэйгээ бараг ой хүртэл нь хараа хяналтандаа байлгаж харж ханддаг нь өрх гэр бидний өдөр тутмын амьдрал шиг.
Бүргэд өд сөд нь ургаж гүйцээ ч үгүй дөнгөж тэнтэр тунтар гишгэлж байгаа дэгдээхэйгээ дэвүүлж сургахын тулд өлсгөж өлсгөж байгаад үүрнээсээ хадны гүн хавцал руу түлхэж унагаан араас нь анхааралтай ажиглан жингүйдэлд өөрөөр нь нисгэсээр яг газар унан няцардагийн даваан дээр ганц шүүрээд далавчин дээрээ суулган үүрэндээ авчраад дасгал сургуулиа давтан давтан хийлгэдэг нь хайраа дотроо хадгалж хатаа гаднаа үзүүлж, эрхийг бус бэрхийг сургадаг эжий аавтай маань ч төстэй. Үүний дараагаар идэш хоолоо олох, ан ав хийх арга ухаанд сургахын тулд дутуу шархдуулсан туулай, тарвага зэргийг барьж авчираад мөн дээрхи маягаар сургана.
Бүргэдийн хараа хурд онцгой гойд бөгөөд эрдэмтдийн судалснаар бүргэд довтлох үедээ секундэд 150 метр хурдалж, таван км-ын өндөр дээрээс таван см-ын хэмжээтэй чүдэнзний хайрцаг шиг зүйлийг ч харах чадвартайг тогтоосон нь өндрөөс өндөрт нисч яваа бүргэд айлын тооноор өнгийгөөд гэрийн эзний аяган доторхи хялгасыг ч хардаг хэмээн бага байхад бүргэдийн хурц хараатайг шагшран магтдаг байсан хөгшчүүдийн аман ярианаас нэг их хол зөрөхгүй байна. Ан хийхдээ бүргэд аль болохоор өөрөөсөө том амьтан руу довтолж өөрийхөө хурд хүч эр зоригийг үргэлж сорьж байдаг амьтан.
Бүргэд хэдийгээр шувуудын хаан ч эрийг нас дарж уулыг цас дарахын адилаар дөч хүрээд ирэхээр бүргэдийн хумс нь ургасаар байгаад уян хатан мохоо болж, хошуу нь улам тахийсаар байгаад хоол хүнсээ барьж идэж чадахаа больж, далавч нь ч хүнддэж даагдахаа больж өд сөд нь хэт өтгөрч ургасаар дүүлэн нисч чадахаа больсноор урьдын шиг эрч хүч хурд үгүй болж үхэх, сэхэх гэсэн хоёрхон сонголттой тулгардаг байна. Ямарч бүргэд үхэх бус, сэхэх замыг сонгож таван сарын турш маш хүнд хэцүү сорилт өөрчлөлтийн замыг туулж байж өөрөө өөрийгөө дахин амиллуулж чаддаг.
Тэрээр өндөр уулын оройд өөрийн төрж өссөн үүрэндээ нисэн очиж, хатаж мохсон хошуугаа хад чулуунд хайр найргүй хага цохиж унагаана. Хошуугаа шинээр ургахыг хүлээж идэш хоол ч үгүй олон хоног хүлээж шинэ залуу хошуу соёлж ургамагц хуучирч мохсон хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж салгаж хаядаг. Шинээр хумсаа ургахыг хүлээж ургаж гүйцсэний дараа хумсаараа цээжнийхээ болон далавчныхаа даагдахаа больсон өд сөдийг бүгдийг нь зулгаан хаяж эхээс төрсөн үеийн шигээ улаан нялга амьтан болж өвлийн хүйтэн өлсгөлөн зовлонг таван сар тарчилж зовон өнгөрөөснөөр нэг л өдөр өд сөд нь дахин ургаж өндөр тэнгэртээ шинэ хүч хурдаар дүүлэн нисэж дахин амилснаар дахиад гуч дөчин жил шинэ амьдралаар амьдардаг цорын ганц амьтан юм.
Урт удаан аз жаргалтай эрүүл энх зөв сайхан амьдрахын тулд бидэнд бүргэд шиг өөрчлөгдөх шинэчлэгдэх шаардлага үргэлж тулгарч байдаг бөгөөд үүний тулд ямарч зовлон бэрхшээлийг даван туулж муу дадал зуршил зан характераас эхлээд бүхий л муу муухай бүгдийг бие сэтгэлээсээ авч хаяснаар амьдралыг өөдрөгөөр дахин шинээр харж эхлэх хөх монгол эрчүүд мань мэтээс авхуулаад олон олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Сүлд мэт өндөрт гялалзах ч үхэж төрөх нь үл үзэгдэх, сүнс мэт орчлонг хэрэх ч өдөлж сөдөлсөн үүрээ эргэх, сүг мэт өлсөж туйлдавч залуу арсланг заамдаж наж могойг ч няцлах, уулын хүрэн бүргэд чи талын хөх монгол эртэй тавилан заяа нэг бус уу.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт