Дуучин Шакира татвараас бултсан хэргээр Испаний шүүхэд дуудагджээ
Колумбийн дуучин, сайн үйлстэн Шакира 14.5 сая евротой тэнцэх хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр Барселон хотын шүүхэд дуудагдсан болохыг Испаний хэвлэлүүд мэдээлжээ.
Прокурорууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуучин бүсгүйг Каталон мужид оршин суугчийн бүртгэлтэй мөртлөө Багамын арлуудад амьдардаг гэж худал мэдүүлэг өгч татвараас зайлсхийсэн гэж хэрэг тулгаж байжээ.
Шакира 2015 онд Багамаас Испани руу албан ёсоор шилжиж өөрийн нөхөр, хөл бөмбөгчин Херар Пике болон хоёр хүүгийнхээ хамт амьдрах болжээ. Гэхдээ тэрбээр 2012-2014 оны хооронд Барселонд амьдарч байсан бөгөөд тэр үедээ орлогын албан татвар төлөөгүй гэж прокурорууд үзжээ.
Өнгөрөгч даваа гарагт Каталоны орон нутгийн шүүгч тус хэргээр мөрдөн байцаалт явуулахыг зөвшөөрсөн бөгөөд дуучин бүсгүйг зургаадугаар сарын 12-нд шүүх дээр ирэхийг даалгасан болохыг Испаний "El Periódico" сонин мэдээлжээ.
Түүнчлэн 2017 онд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ил болгосон оффшор санхүүгийн "Paradise papers" материалд Шакирагийн нэр орж байжээ. Тус материалд Шакира нь Барселон хотод байнга оршин суудаг ч Багамын арлуудад бүртгэлтэй болохыг харуулсан баримт багтсан аж.
Грэмми-ийн шагналтан, буурай хөгжилтэй орны хүүхдүүдэд туслах "Bare Foot" сангийн үүсгэн байгуулагч тэрбээр Испани улсын татварын чанга хуулийн өмнө сөхөрсөн дэлхийн алдартнуудын цувааг үргэлжлүүлж буй нь энэ юм. Энэ сарын эхээр хөл бөмбөгийн алдарт дасгалжуулагч Жозе Моуриньо "Реал Мадрид" клубыг удирдаж байхдаа татвараас зайлсхийсэн хэргээр 2.2 сая еврогийн торгууль төлөх, нэг жилийн тэнсэн харгалзах ял эдлэх шийтгэлийг Испаний шүүхээс авсан. Харин өнгөрөгч нэгдүгээр сард Португалийн хөлбөмбөгийн од Кристиано Роналду "Реал Мадрид" клубт тоглож байхдаа татвараас зайлсхийсэн нь илэрч 18.8 сая еврогийн торгууль төлсөн билээ.