С.Амарсайхан 56 хувийн саналаар Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилохоор НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр 11.30 цагт эхэлсэн.
Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа НИТХ дахь АН-ын бүлэг, МАН-ын бүлэг дарааллан завсарлага авав. Улмаар санал хураалтанд 45 төлөөлөгч оролцож, нууцаар санал өгснөөс С.Амарсайхан 25 төлөөлөгчийн санал авч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Харин С.Мөнхчулууны төлөө 19 төлөөлөгч саналаа өгчээ.
Засаг даргаар сонгогдсон С.Амарсайхан гэж хэн бэ?
Сургууль:
- 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль,
- 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж,
- 1996-1998 Ютa Мужийн Коллеж,
- 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.
Ажил:
- 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан,
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе,
- 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер,
- 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга,
- 2017 оноос НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан
Сонгуульт ажил:
2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.