Шударга ёс гэж...
Шударга ёс гэж миний бодлоор зөвт байдал иргэдийн язгуур эрх ашгийг сахин хамгаалж буруутаныг гэсгээх явдал бөгөөд энэ нь байгалийн баялагийг хэдхэн хүн цөлмөх, авилга хээл хахуулиар хөрөнгөжих, оффшордох зэрэг өнөөгийн нийгэм дэхь гэмт хэргийн тухай асуудлаас гадна шударга ёс нь нүдэнд харагдаж чихэнд баригдахгүй үл анзаарагдах зүйлээс эхэлдэг учраас бидний хамар дор өдөр тутам гарч байгаа төр засгийн бодлого шийдвэрүүд ч шударга ёс иргэдийн язгуур эрх ашигт хэрхэн нийцэж байгааг ТББ-ууд соргогоор олж харан шаардлагатай бол засаж залруулах үүрэгтэй.
Иргэдийн язгуур эрх ашиг гэж хүн бүрийн амь нас эрүүл мэнд хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хэлэх бөгөөд тухайлбал, ямар ч замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй мөртлөө долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалт нэрээр машин барих эрхээ хасуулж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Энэ нь зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн бодлогогүй төлөвлөлтөөр ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн тухайн асуудлыг хариуцсан төрийн түшмэл түшээдийн буруутай үйлдэл болохоос мөрөөрөө замаараа явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй.
Хүний эрх эрх чөлөө их ярьдаг баатар хотын Баатар мээр маань тухайн үедээ дээрхи шийдвэрийг гаргахдаа шударга бус шийдвэр гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан байх. Харин зам тавих газраа үрэн таран хийсэн зөв бурууг ялгах мантай доод түшмэдүүд нь доороос нь зүтгүүлэхэд тэр нүдээ аниад баталсан ч иргэд эсэргүүцэж жагсаал цуглаан хийгээгүйд ихэд гайхаа биз. Хэрвээ ийм шийдвэр хорин сая хүнтэй ч Нью-Йорк, Токиод гаргавал яах бол гэдэг нь ойлгомжтой. Угаасаа бид хүлцэнгүй ард түмэн болохоороо нэгэнт гарсан дугаарын хязгаарлалтын шийдвэрийг сахин хэдэн жил ч сажилж болох ч, хэлэмгий зэлэмгий мэдэмхий хэн нэгэн аавын хүү нь нэг л өдөр дотоод гадаадын хүний эрхийн байгууллага шүүхэд хандан зад заргалдан хязгаарлалтай өдрийнхөө таксины мөнгийг хэдэн сар жилээр нь үржүүлэн тооцоод төрөөс нөхөн олгох шийдвэр гаргуулахаас нь өмнө төр засаг нийслэлийн удирдлага маань хурдхан шиг хурдны замаа дээгүүр доогуур олшруулж “шударга” шийдвэрээ цуцлах бизээ.
Замын ачааллыг бодлогоор олон жилийн өмнөөс тооцоод Энэтхэг Хятад зэрэг арван сая хүнтэй хотод ч бөглөрөл үүсэхээс нь өмнө хэдэн багана хатгаад ч гэсэн хотынхоо дээгүүр ч хамаагүй хэдэн арван км хурдны зам тавиад ч гэсэн асуудлаа шийддэг жишээг Энэтхэгийн Нагпур хотын дээгүүрх хурдны замаас харж болно.
Шударга ёс хүний эрх гэдэг заавал тэр хүчирхийлэлд өртөх, хилс хэрэгт хэлмэгдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй том утгаар нь ойлгохоос гадна, энэ нь энгийн юм шиг мөртлөө тэр болгон хүнд ажиглагддаггүй маш эмзэг нарийн асуудал юм. Тухайлбал, өдөржингөө зав зайгүй хүнд хүчир ажилд нухлагдан орой гэртээ ирээд хоол ундаа амар тайван зооглон үр хүүхдүүдтэйгээ аз жаргал баяр баясгалантай цэнхэр дэлгэцээ чагнан алжаалаа тайлах тэр сайхангэрийн эзэн эзэгтэйн эрхээ эдлэх цаг мөчид зурагтаар нэг нөхөр чухал царай гарган нүд ам нь эргэлдэн хоолой гүрээ зангиа нь бачууран хэнийг нь ч юм мэдэхгүй учир зүггүй загнаад байгаа яриа нь тэнд байгаа хэн нэгэн хэнхэгтэнд байгаа байгаа ямар ч гэмгүй иргэн загнуулах гэж төрсөн юм шиг дүр зураг харагдах бөгөөд энэ нь тэрхүү айл гэрийн аз жаргалтай амар амгалан байх эрхийг алсын зайнаас ч гэсэн ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа гэдгээ ялангуяа манай зарим нэг улс төрч хүмүүс анхаарна бизээ.
Цэргийн даргын хэг ёг сэтгэхүйтэй эхэн үедээ миний бие Сибирийн нам гүм тайгад байрлах зэвсгийн шинжээчдийн дэн буудлаа өглөө эрт босч тойрон пар пар гүйснээс болж Унтах нойронд нь халдлаа хэмээн багийнхандаа зад загнуулснаас хойш хүний эрх ямар асар нарийн эмзэг гэдгийг ухааран бусдын эрхийг ямагт нэгдүгээрт тавих болсон. Хувь хүний эрүүл мэнд итгэл үнэмшил цалин пүнлүү ор хөнжил рүү нь өнгийх нь бүү хэл өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа ч гэсэн түүнийгээ заавал бусдад гайхуулж хор шарыг нь хөдөлгөж байх нь та тэр хүний амгалан тайван байдал, эрүүл саруул байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж л байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа маажин англи голландын сайдууд шиг гандуу цув зэвтэй дугуйтай салхи татуулан мэндлээд өнгөрөх нь зөвт байдал шударга ёсонд илүү нийцнэ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт