"LG" компани хос дэлгэцтэй, 5G сүлжээг дэмждэг шинэ ухаалаг утсаа танилцууллаа
Өмнөд Солонгосын "LG Electronics" компани өнгөрсөн ням гарагт хос дэлгэцтэй, 5G сүлжээг дэмждэг шинэ ухаалаг утсаа танилцуулжээ.
"V50 ThinQ" нэртэй тэрхүү утасны хоёр дэлгэц тус тусдаа ажилладаг тул хэрэглэгчдэд нэг дэлгэц дээр нь кино үзэж нөгөө дээр нь интернет орох зэрэг шинэлэг боломжууд нээгдэх аж.
Ухаалаг утасны дэлхийн 7 дахь том үйлдвэрлэгч "LG" компани зах зээлд эзлэх хувиа Хятадын өрсөлдөгчид болох "Huawei", "Xiaomi" компаниудад тодорхой хэмжээгээр алдаж, өнгөрсөн жилийн нийт орлого нь харьцангуй буурсан билээ.
Испаний Барселон хотод болсон "Mobile World Congress" технологийн чуулганы үеэр Хятадын хоёр компани хоёулаа шинэ үеийн 5G технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан. "Xiaomi" нь 680 ам.долларын үнэтэй, 5G сүлжээтэй утас гаргасан бол "Huawei" компани нугардаг дэлгэцтэй, 2600 ам.долларын үнэтэй утсаа танилцуулж гар утасны түүхэнд үнийн дээд амжилтыг тогтоосон юм.
Харин "LG" компани дуу, дүрсний чанарыг эрхэмлэдэг уламжлалаа даган хоёр дэлгэцтэй утас гаргасан нь энэ юм. Мөн өнгөрсөн ням гарагт "LG"-ээс хэрэглэгчийн царайг таньж түгжээ нь тайлагддаг "G8 ThinQ" хэмээх бас нэгэн шинэ утас танилцуулсан байна.
Хараахан үнэ тогтоогоогүй байгаа шинэ утаснууд энэ оны эхний хагаст багтан хэрэглэгчдийн гар дээр очиж эхлэхийг компаний төлөөлөгч мэдэгджээ.