Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?
Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг.
Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.
Хийц дизайн, зургийн чанар
Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж. S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.
Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.
Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.
Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.
Чадвар, хурд хүч
Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.
Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.
Дүгнэлт
Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.