Их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн удирдлагуудтай Хангарьд ордонд уулзаж, ярилцлаа. Энэ үеэр их, дээд сургуулиудыг нийслэл хотоос нүүлгэн шилжүүлэх асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр "Нийт хэдэн оюутан, хэчнээн хичээлийн байр барих, хэдэн номын сан, спорт цогцолбор барих талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг салбар яам дээр ажиллаж байна. Цаашдаа нийслэл хотын төвлөрөлийг багасгах зорилгоор тодорхой хэмжээний их, дээд сургуулиудыг нэг дор байгуулах судалгаа гарсан байгаа. Энэ ажлын хүрээнд дөрвөн их, дээд сургуулийн захирлууд ажлын хэсэгт багтсан. Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх ажлын хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж, хэрэгжтэл нэлээд хугацаа шаардагдана. Гэхдээ бид хөрөнгө мөнгө харалгүйгээр судалгааны ажлыг эхлүүлэхээд байна" гэлээ.
Их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх хугацааны хувьд одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд судалгааны үр дүнгээс хамаарна хэмээн үзэж байна.