Орхон түүхий нүүрснээс татгалзсан анхны аймаг болно
Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор төрийн нэг, хувийн 12 үйлдвэр нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр хангаж, жилдээ 600 мянган тонныг үйлдвэрлэх үүрэг хүлээсэн юм.
Түүхий нүүрсийг хэрэглээнээс халах замаар агаарын болхирдолтой тэмцэх Засгийн газрын тогтоолыг дэмжих эл шийдвэрийг орон нутгаас Орхон аймгийнхан дэмжиж, энэ төрлийн түлшнээс сайн дураар татгалзах болжээ. Хүн ам, төвлөрөл ихтэй зарим аймагт агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон. Үүнд Ховд, Баянхонгор, Завхан, Орхон, Дархан-Уул аймаг зүй ёсоор багтдаг учир ийм санаачилга гаргажээ.
Орхон аймаг 28 мянган өрхтэй. Үүний 70 хувь нь гэр хороололд амьдардаг байна. Нэг өрх дунджаар 2-4 тонн нүүрс хэрэглэдэг гэж тооцвол тэдний хэрэгцээг хангахын тулд жилд 34 мянган шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай гэнэ. Тиймээс орон нутгийн удирдлага сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулах, цаашлаад аймагтаа үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.