Монгол хүн насаа хэлдэггүйн учир энэ...
Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ.
Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай.
Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ. Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж. Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. “За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.
Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралджээ. Түүнийг хараад нөгөө хүн “Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ. Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг.
Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг. Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюу үхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ. Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж хэлдэг, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.
Эх сурвалж: facebook