Цахилгаан менингит тархах аюул нүүрлэжээ
Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан аюулт тахал болох H1N1 вирус өдгөө томуу нэрээр манай улсад тархаж, сар гаруйхны өмнө хүүхэд, томчуудгүй нэрвэгдсэн. Ямар сайндаа ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албаны дарга А.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “H1N1 бол САРС буюу цар тахал мөн шүү” хэмээн анхааруулж байх вэ. Дэлхий нийтээрээ дахин томуугийн өөр цар тахалтай нүүр тулгарч болзошгүй гэж ДЭМБ мэдэгдсэн. Энэ улиралд л гэхэд зөвхөн АНУ-д 13 хүүхэд томуугаар нас бараад байна.
Гэтэл энэ тахал намжиж амжаагүй байтал манай улсад сар шинийн баярын өдрүүдээр менингококк гоц халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Увс аймаг болон Баянзүрх дүүрэгт тус бүр нэг хүүхэд өвдсөн байна.
Өвчнийг тун түргэн хугацаанд зөв оношилж, эмчилснээр биеийн байдал нь сайжирсан хэмээн ЭМЯ мэдээлж буй ч нэг өвчтөний ард 30-40 хүн халдвар тээдэг аж. Энэ өвчин өмнө нь манай улсад гарч байсан төдийгүй “цахилгаан менингит” нэрээр танил болсон. Уг нь манай хөрш хоёр улсад уг өвчин бүр сарын өмнө дэгдлээ хэмээн мэдээлж байсан төдийгүй ДЭМБ-аас ч анхааруулж байв. Гэтэл манай улсын эрүүл мэндийн байгууллагууд ямар ч арга хэмжээ авалгүй назгайрсаар байтал хэдийн ороод ирлээ.
Цахилгаан цахих мэт хурдан тархдаг энэ аюулт өвчин нь арьсан дээр өвөрмөц, зөв биш хэлбэртэй, цусархаг тууралт гарах болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Тухайлбал, цоо эрүүл байсан хүүхэд гэнэт өндөр халуурч, 4-12 цаг, дунджаар 6-8 цагийн дотор биеэр нь тууралт өгөөд хамар, ходоод бөөр, өндгөвчнөөс цус алдалт, харвалт үүсдэг аюултай аж. Гэвч хүмүүс салхин цэцэгтэй андуурах тохиолдол гардаг тул богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай энэ өвчний шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг анхаарууллаа. Учир нь 2-4 дүгээр сард уг өвчний дэгдэлт эрс нэмэгддэг ба манай оронд найм, арав, 15 жилийн үечлэлтэй гардаг нь тогтоогджээ.
Цаашид энэ өвчний тохиолдол нэмэгдэх магадлалтай боллоо гэж ЭМЯ өчигдөр хэвлэлийхэнд мэдээлсэн юм. Угтаа өвчин тархсан хойно нь мэдээлэх бус гарахаас нь өмнө сэрэмжлүүлж, арга хэмжээ авах үүрэгтэй бус уу. Жил бүр ямар халдварт өвчин хэдэн сард гардгийг мэддэг атлаа ЭМЯ болон НЭМГ-ын унхиагүй байдлаас болж иргэд вакцинд ч хамрагдах мэдээлэлгүй байсаар гарсан халдварт өвчин болгонд нэрвэгдэн, амь насаа алддагтай жил тутам эвлэрсээр байх уу. Тэр байтугай хатгаа, менингококк, улаан бурхан гэх мэт халдварт өвчнөөс сэргийлэх ганц арга нь вакцин хийлгэх гэдэг ч вакцинаа хангалттай нөөцлөх ч чадваргүй, ор дэр нэмж тавьснаа ажил хийсэн мэт пиардсаар байх уу.
Нэг өвчтөний ард 30-40 хүн халдвар тээдэг
Төсөвт мөнгө суугаагүйгээс вакцин авч чаддаггүй. Өвчин гарсан үед л хэдэн вакцин авдаг ч зорилтот бүлгийн хүмүүст арай гэж хүргэдэг хэмээн хэлээд сууж байх нь манай улсын эрүүл мэндийн бодлого болсон нь гутамшигтай. Ядаж нялхсаа вирус, нянгийн “хоол” болгочихгүй байх бодлогоор ажилладаг болмоор байна гэдэг хэдэн хатуу үгийг ЭМЯ болон НЭМГ руу илгээе. Түүгээр ч зогсохгүй ДЭМБ-аас удахгүй улаанбурхан өвчин дэлхий даяар тархахыг анхааруулсныг давхар дуулгая. Бодлого барьдаг, хэрэгжүүлдэг газрууд эртхэн хэрхэхээ шийдэх биз, цаг хугацаа бага үлдлээ.