Зэсийн экспортын хилийн үнэ 12 хувиар өсчээ
Гадаад худалдааны нөхцөл 2018 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар, аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 15 хувиар тус тус сайжирчээ. Экспортын үнэ импортын үнээс илүү өссөн нь гадаад худалдааны нөхцөл дээшлэх шалтгаан болов.
Дэлхийн зах зээл дээр металлуудын үнэ 2018 оны сүүлийн хагаст буурч эхэлсэн ч, өмнөх оноос өндөр хэвээр байна. Чулуун нүүрсний хилийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар, зэсийн баяжмалын экспортын хилийн үнэ 12 хувиар, түүхий нефтийн хилийн үнэ 33 хувиар, ноолуурын үнэ 51 хувиар тус тус өссөнөөр нийт экспортын үнийн индекс 20 хувиар өссөн байна. Дэлхийн зах дээрх зэсийн үнэ буурсан байхад манай хилийн үнэ өсөлттэй гарсан нь “Оюутолгой”-н зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаатай холбоотой.
Харин хэрэглээ, хөрөнгө оруулалт болон нефтийн бүтээгдэхүүний үнийн голлох нөлөөгөөр нийт импортын үнэ өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өсөөд байна.