Эрдэмтэд тархийг 10-20 жилээр залуужуулах аргыг олжээ
Колумбын их сургуулийн мэргэжилтнүүдийн удирдсан судалгааны баг аэробикийн дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь тархины танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, тархийг ихээхэн залуужуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай “Genetic Engineering & Biotechnology News” цахим хуудас мэдээлсэн байна.
Энэхүү судалгааны дүн нь ахмад, дунд эргэм насныхан болон залуу хүмүүст ч хамааралтай бөгөөд дасгал хөдөлгөөний хүний биед үзүүлэх үр нөлөө нь нас ахих тусам нэмэгддэг аж.
Туршилтад 20-67 насны 132 хүн оролцож, 6 сарын турш долоо хоногт 4 удаа төрөл бүрийн спортоор хичээллэжээ. Үүний дараа мэргэжилтнүүд биеийн дасгал хөдөлгөөн хүний ой тогтоолт, анхааралт төвлөрөлтийн чадвар, зорилго тодорхойлолт, хувийн зохион байгуулалтад үзүүлж буй нөлөөллийг үнэлсэн байна. Түүнчлэн тархины бүтцийн өөрчлөлтийг үнэлжээ.
Судалгааны дүнд дасгал хөдөлгөөнөө бүрэн хийсэн 94 хүнд танин мэдэхүйн үйл ажиллагаа нь сайжирч байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн аэробикийн дасгал хөдөлгөөн хийсэн хүмүүс илүү өндөр үзүүлэлттэй байсан аж.
“Дасгал хөдөлгөөнөө хийсэн хүмүүсийн тархины үйл ажиллагаа сайжраад зогсохгүй тархины гадна талын давхарга зузаарсныг бид ажигласан. Аэробикоор хичээллэсэн 40 настай хүний тархи 10 жилээр, 60 настай хүнийх 20 орчим насаар залуужиж байна” гэж судалгааны багийн ахлагч Яков Стерн ярьсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг