Үүрэг хариуцлагыг нь өгнө гэдэг нь зөвхөн гэрийн ажлаа хувааж хийх биш юм
"Бүх юмны урдуур бүү ор" гэсэн зөвлөмжийн дараа маш олон бүсгүйчүүд санал бодлоо хуваалцлаа. Тэгэхээр эхнэр нөхөр хоёрын үүрэг хариуцлага гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй бизээ.
Эмэгтэй хүн:
- Эзэгтэй
- Эхнэр
- Ээж
- Хувь хүн гэсэн 4 үүрэгтэй бол
Эрэгтэй хүн:
- Өрхийн тэргүүн
- Нөхөр
- Аав
- Хувь хүн гэсэн тус бүр дөрөв дөрвөн үүрэгтэй
...........................................................................................
Одоо эр хүний 4 үүргийг задлая:
Өрхийн тэргүүн: Гэр бүлээ хамгаалж хангах ёстой. Үүнд мөнгө санхүү, гэр бүлийнхээ аюулгүй байдал, үр хүүхдийнхээ сурч хөгжих нөхцлийг бүрдүүлэх. Эрсдэл аягүйцлээс эхнэр хүүхдээ хамгаалж, эхнэртэйгээ ярилцсаны эцэст, эцсийн шийдвэр бүрийг гаргадаг байх. Шийдвэрийг өрхийн тэргүүнд өгнө гэдэг нь "Гэр бүл чинь чиний хайранд байгаа шүү. Чамдаа би итгэж байна" гэсэн хариуцлагыг эхнэр нь л эр хүнд давхар өгч байдаг. Тиймээс нөхрийнхээ урдуур орж өөрийнхөө санаад нийцүүлэх гэж шийдвэр гаргасны хэрэггүй.
Нөхөр: Эхнэртээ цаг гаргах, болзож хамт хоолонд орох, магтах, бэлэг өгөх, гэх мэт гэрлэхээс өмнө эхнэрийнхээ араас гүйж байхдаа зориулж байсан хайр халамж үргэлжлүүлэх. Эхнэрээ харахдаа "Миний эхнэр ийм сайхан байгаа нь миний хайр халамж юм" гэдгийг ухамсарладаг байх. Хэрэв эхнэр нь гандуу гундуу ууртай үглээ бол "Миний хайр тутсанаас болоод эхнэр маань ийм болжээ" гэж өөрийгөө олж харах зүрхний мэлмийтэй байх.
Аав: Хүүхдэдээ цаг гаргах, хамт тоглох, гэрийн даалгаврыг хийлгэх, эсвэл ажил тоглоом гэх мэт ямар нэгэн зүйлийг хүүхэдтэйгээ зориудаар хамт хийж амьдрах ухаан зааж сургах. Эр хүний мөн чанар, зориг, зөөлөн байдал ба хатуу байдлыг харуулах. Охиндоо "Би аав шигээ хүнтэй сууна" гэж бодох хүртэл ирээдүйн ханиа сонгоход нь аав нь охиндоо нөлөөлнө. Харин хүүдээ уураар биш ухаанаар асуудлыг яаж даван туулдгийг үзүүлэх. Ирээдүйд аав шигээ хүн болж эхнэр хүүхдүүдээ аав шигээ хайрлах болно гэж бодох хүртэл жишиг эр хүн байж хүүдээ нөлөөлөх.
Хувь хүн: Өөртөө цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзах, өөрийгөө хөгжүүлэх, ном унших гэх мэт өөрийгөө хайрлаж цэнэглэх орон зай
....................................................................................
Ингээд эмэгтэй хүний 4 үүргийг задлах цаг болжээ.
Гэрийн эзэгтэй: Бүх зүйлийг өөрөө хийхгүй. Хүү, охин юу хийх вэ, нөхрийн тусламж юун дээр хэрэгтэй вэ, гэх мэт бүх ажлыг гэр бүлийн гишүүн бүрт хуваарилж өгнө. Гэхдээ гэрийн ажил гэлтгүй ажил, мэргэжил, зорилго, мөрөөдөл, шийдвэрлэх, сонгох, орхих, өөрчлөх гээд ямар ч зүйлийг хийхдээ яг, юуг, яагаад хийх гэж байгаа вэ гэдгийг чинь нөхөрт тань мэдэж байх учиртай. Тэгээд нөхрөөсөө яг жаахан охин шиг тусламж хүсч ханийнхаа хайр халамжийг хүртэх боломжийг өөртөө өгөөрэй. Дур мэдэж өөрөө санаачлаад л, өөрөө хийгээд, өөрөө л баярлаад байвал "Чи надад хэрэггүй ээ. Чамтай чамгүй би амьдарч чадна" гэсэн бодлыг эр хүний зүрхэнд чимээгүй шидсээр байдаг.
Энэ үед эр хүн гэр бүлийнхээ өмнө ямар харуицлага үүрч, ямар үүрэг гүйцэтгэхээ мэдэхээ байдаг болохоор "Миний нэр дээр болохоос биш чи л мэддэг шүү" гээд "Соном өвгөн"-ий араас ордог. Тиймээс "Эр хүний хариуцлага нь хаана байна тэнд хайр нь байдаг" гэдэг нь ийм учиртай.
Эхнэр: Нөхрөө байгаагаар нь хайрлаж, алдах үед нь өөрт нь бодож ухаарах цаг өгч, агуудаа ороход нь нөхцлийг нь бүрдүүлнэ. Мөн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ялдам байдлыг эхнэр хүн нөхөртөө үзүүлэх. Хүсээгүй үед нь зөвлөгөө өгч үглэхгүй байх. Алдаа дутаглыг нь хэлэхдээ орилж чарлаж буруутгаж биш харин "Миний бодлоор би ингэж хийх байсан" гэх мэт эелдгээр хэлэх. Магадгүй нөхөр тань өөрөө бодоод, өөрөө шийдээд, өөрийнхөөрөө хийгээд буруудсан бол хариуцлагыг нь өөрт нь үүрүүл. Алдааг нь цайруулах гэж урдуур нь орж, ийш тийш утас цохиж,бага насны хөвгүүнд юу хийхийг нь заах мэт бүү авирла. Зүгээр л нөхөртөө асуудлаа шийдэх боломж, цаг өгөөрэй. амжилттай, ололттой, хичээсэн, сэтгэл гаргасан, алхам хийсэн бүгдийг нь урамшуулж магтаж байх.
Ээж: Хүүхдээ асрах халамжлах, Хүүхэд болон аав хоёрыг нь байнга холбох зүйл хийх. Үүнд: Хүүхэд тань ямар нэгэн зүйл хүсвэл "Аав нь ямар бодолтой байгаа бол, хоёулаа ааваас нь асууя", "Хэрэв аав чинь зөвшөөрөхгүй бол би ч бас зөвшөөрөхгүй" гэх мэт. Энэ харилцаа нь таныг ямар ч эрх мэдэлгүй хүүхдийнхээ төлөө ганц шийдвэр гаргаж болохоо байгаа юу гэдэг асуултад хүргэж болох юм. Гэвч ингэснээрээ та хүүхэд аав хоёрын харилцаанд маш нандин чухал амьд зүйлийг хийж байгаа юм. Яагаад гэвэл олон ээжүүд хүүхдээ аавтай байхад нь аавгүй юм шиг өсгөсөн байдаг. Хүүхэд ааваасаа асууж, бас эмээн хүндэлж өсөх нь хүүхдэд өөрт нь "Энэ зүйлийг би хийвэл зөв үү, буруу юу" гэж өөрөө өөрөөсөө асууж юу хийх гэж байгаагаа нягталж зөв хүмүүжлээр өсөхөд нь хамгийн сайн арга.
Хувь хүн: Эмэгтэй хүн өөрөө өөртөө цаг гаргана. Ном уншина, найз бүсгүйчүүдтэйгээ уулзалдана, өглөө гүйх, орой сайхан амрах, бүтэн нойртой хонох, чадвар мэдлэгээ дээшлүүлэх, хэл сурах гэх мэт өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлах үүрэгтэй шүү.
За ингээд эхнэрүүд ямар үүрэг дээрээ давамгайлж ямар үүргээ гээгдүүлдэг болон эрчүүд ямар үүргээ илүү биелүүлж ямар үүргээ орхигдуулдаг тухай дараагийн пост дээр бичиглэх болно. Энэ нь та өөрийгөө болон нөхрөө олж хараад гарах арга замаа олоход тань дэм болох бизээ.
"Хайрлагдсан эмэгтэйн зурвас" номоос Р.Оюундарь