Оюутолгойн ил уурхайг Д.Гарамжавын нэрэмжит болголоо
Оюу толгойн ордыг нээлцэхэд гол үүргийг гүйцэтгэж оролцсон, түүхэн гавьяа байгуулсан геологич, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжав агсны дурсгалыг мөнхлөн “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Оюу толгойн уурхайн цогцолборын ил уурхайг “Д.Гарамжавын нэрэмжит ил уурхай” хэмээн нэрлэхээр боллоо.
Д.Гарамжав нь 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологич мэргэжлээр дүүргээд Чойрын геологийн удирдах газраас ажлынхаа гарааг эхэлснээс хойш 50 шахам жил эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж “зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан юм.
Дэлхийн зэсийн томоохон ордын нэг болох Оюу толгойн бүлэг ордын Хюго Дамметт ордыг нээлцсэний хувьд тэрээр хамтран зүтгэгч Чарли Форстер, Дуглас Кирвин нарын хамт Канад улсын Теир Линдслийн нэрэмжит олон улсын “Шилдэг нээлтийн шагнал”-ыг 2004 онд хүртэж, 2014 онд “Монголын бахархал” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртжээ.
Эх орныхоо эрдэс баялгийн салбарт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээл, байгуулсан гавьяаг нь Монголын төр өндрөөр үнэлж, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндтэй соёрхлоо 2008 онд түүнд хүртээсэн билээ. Д. Гарамжав нь Оюу толгойн зэс-алтны бүлэг ордын геологийн гарал үүсэл, тогтоц, эрдсийн нөөц, баялгийн хэмжээг шинжлэн судлах нөр их ажилд амьдралынхаа сүүлийн хорь гаруй жилийг зориулсан юм.
Оюу толгой ХХК
Хэвлэл мэдээлэлтэй харилцах баг