Гахай жилийн зүг мөр гаргах зурхай болон шинийн нэгэнд мөрдөх ёсон
ГАЛ СУУДАЛ
Эрэгтэй: 2019 2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931,
Эмэгтэй: 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927
Галд суусан бол "Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа сууха" тарнийг уншиж галаас гэмтэх хэмээн шүдэнз зураад усанд хийж зүүн хойш, баруун зүгт цацна. Зүг гаргагч нь зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ.
ШОРОО СУУДАЛ
Эрэгтэй: 2018 2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930
Эмэгтэй: 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928
Баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж "Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа" тарнийг уншиж, шороо чулуу хөдөлгөн тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.
ТӨМӨР СУУДАЛ
Эрэгтэй, Эмэгтэй: 2017 2009 2001 1993 1985 1977 1969 1961 1953 1945 1937 1929
Төмөрт суусан бол баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сүсэглэж төмөрт хүрээд "Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншиж, галд урьж, хойт, урд зүг рүү цацна.
ОГТОРГУЙ СУУДАЛ
Эрэгтэй: 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928
Эмэгтэй: 2018 2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930
Зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж "Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.
УС СУУДАЛ
Эрэгтэй: 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927
Эмэгтэй: 2019 2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931
Зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Усанд осолдохгүй хэмээн сүсэглэж "Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна.
УУЛ СУУДАЛ
Эрэгтэй: 2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926
Эмэгтэй: 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924
Баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглээд "Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна.
МОД СУУДАЛ
Эрэгтэй, Эмэгтэй: 2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925
Зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ. /Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах/. Модноос гэмтэхгүй хэмээн сүсэглээд "Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна.
ХИЙ СУУДАЛ
Эрэгтэй: 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924
Эмэгтэй: 2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926
Урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ.Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглэн "Ум базар падма мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна.
Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.
ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ШИНЖ
Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхэрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна. Үхэр хариулаач нь царай нь цагаан, малгайгаа баруун гартаа барьсан, дээл нь улаан, бүс нь хөх, гэзэг үсээ чихнийхээ урдуур унжуулж боосон, зүүн хөлдөө цагаан гутал өмссөн, баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал бага өвгөн хүмүүн, үхрийнхээ зүүн талд тайвнаар алхаж явна” гэж дүрсэлжээ.
Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд сайн, залууст хийгээд дунд сууталтанд дунд, нялхаст, олон түмэнд муу ажээ.
Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал улам доройтох нигууртай. Төрийн хууль цаазын хэрэгжилт чангарах, хулгай дээрэм элбэгших ажээ. Уушги, бүдүүн гэдэс, амьсгалын замын өвчин, зарим газарт хавдар, боом, хүйтэн, лусын, бадган чанарын өвчин гарах тул биеэ онцгойлон энхрийлүүштэй. Хүнд сайн, малд муу” байх юм байна.
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ТУХАЙД
Энэ жилийн шинийн нэгэн нь тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08:13 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.
“ТАВАН ӨНГИЙН ХАДАГ”-НЫ МӨН ЧАНАР
Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтөвшин явахыг бэлгэддэг.
Таван өнгийн хадгийг дараахь зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.
Цагаан хадаг:
Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд бэлгэшээдэг.
Шар хадаг:
Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.
Улаан хадаг:
Гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.
Цэнхэр хадаг:
Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны бэлгэдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.
Ногоон хадаг:
Дэлгэрэн арвижихын бэлгэдэлтэй. Дээрх бэлэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалбаас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах бэлгэдэл оршино хэмээдэг байна.