Тэд хэр удаан тэсэж чадах бол?
Манай улстөрчдөд ямар ч үнэ цэн алга. Монгол Улсын Ерөнхийлөгч, парламентын спикер, Ерөнхий сайд нарт бүр ч алга. Бурхан минь! Үнэндээ ямар их шившиглэгдэж байгаагаа тэдэнд мэдрэх чадвар ч алга.
Ард түмний шилдэг төлөөлөл гэгдсэн 76-тай энэ тухай ярих ч юм биш. Тэднийг зүгээр л “хулгайч”, “луйварчин” гэж захын хүн нулимна шүү. үүнээс илүү доройтол гэж байх уу.
Магадгүй XIII зуунаас мандаж бас буурч өнөөг хүрсэн найман зуунд Монгол төрийн алтан аргамжийг атгаж ирсэн бодлоготнууд, төрийн түшээд ингэтлээ шившиглэгдэн, уруудаж байсан түүх үгүй байх. Манж нар дор хоёр зууны турш эрхшээгдэхдээ ч, хоёр хөршийнхөө хүчинд автан тусгаар тогтнолоо эвдүүлэн, автономит засаглалыг тулгуулж байхдаа ч, монгол хүний төрдөө итгэх итгэл алдарч байсангүй, дээдэлж, хүндэтгэх хүндлэлтэйгээ байлаа.
Эдүгээг харвал бидний хөл, толгой хаана байгаа нь мэдэгдэхээ байж, Монгол Улс, Монгол төр, монголчуудын мандан бадрах тэр эрхэм, ихэмсэг оршихуй алга болжээ. Зүйрлэвээс, эзэнгүй, жолоо цулбуургүй, ядарч туйлдаад, сөхөрч унаж буй морь лугаа болжээ бид гэдгийг надаар хэлүүлэлтгүй гадна, дотнынхон бүгд мэдэх болсон бөлгөө.
Бид төрт ёсыг анхлан дэлхийд таниулсан ард түмэн шүү дээ уг нь. Ийм ард түмний төрийн бодлогыг захын нэг дуулдаг, барилддаг болгон аваад явж чадна гэж бүр итгэлтэйгээр боддог болох гэж. Дэндүү хямдхан үнэлэмж тогтсон байгаа биз.
Бид өөрсдөө ч ийм хүмүүсийг төлөөллөө болгон төрд илгээдэг хямдхан ард түмэн болсон шүү дээ. Төр барих эрхээ атга гурил, боов боорцогны үнээр худалддаг ард түмний төр эцэстээ ийм гутамшигтай байдалд хүрч, эрээгээ бардаг юм байна.
Ийнхүү эрээ цээргүй болчихоор сэтгэл мэдрэлийн өвчтөн, эрүүгийн гэмт хэрэгтэн, бага ангийн багш, гудамжинд жагсагч, цаас эрээчигч, тэтгэврийн хөгшин, тайчигч, биеэ үнэлэгч, дөнгөж дөрөв, таван жил юу ч хамаагүй сураад сургууль төгсөгч нар хүртэл төр барьж чадна гэж орилцгоодог болдог юм байна. Тэгээд ч барьцгаадаг боллоо.
Үр дүн нь үндэстнээрээ хамгийн ядуу зүдүү, өвчин эмгэгт баригдсан, утаандаа хордсон, хогондоо дарагдсан, боловсролгүй, хөгжилгүй, ямар ч бодлогогүй, өрөнд баригдсан Монгол Улс юм.
Улс орон ийнхүү доройтоод ирэхээр ичиж, зовох алив ёсон үгүй болж, өрөм тосонд орсон өт шиг төрийн түшмэд таргалан, тэд хулгай, луйварт яг л уралдаан тэмцээн лугаа өрсөлдөж, түүнээ ил тодоор зарлан тунхаглах хэмжээнд хүртлээ ёс суртахууны доройтолд ордгийг бид зүгээр л хараад сууцгаадаг цаг ирдэг юм байна.
Гурван сая монгол хүний тал нь амьдардаг Улаанбаатар хот хэдэн сараар удирдах эзэнгүй, УИХ нь хуралдахаа байж, яам, газар даргагүй байж болдог юм санж. Улс орон ийн эзэнгүй байх тусмаа амьдрал улам уруудан, улстөрчид өндийн бужигнаж эхэлж байгааг одоо харцгааж байна.
Гэмт хэргийн халдлагаас ганцхан жилийн дотор (2018 онд) 569 иргэн амь насаа алдсан байхад, улстөрчид утааг устгах бус бизнесийн зорилгоор улам өтгөрүүлж тэрбум тэрбумаар ашиг олж байхад, (өнгөрсөн таван жилд 750 тэрбум төгрөг зарсан атал утаа улам ихэссэн) хууль, шүүх алагчилж үйлчилж, үзэмжээр шийдвэр гаргадаг болсон байхад, улс орны гадаад өр 27.9 тэрбум ам.долларт (2018 онд) хүрч, авлига, хахуульд автагдсан байдлаараа дэлхийд хамгийн эхэнд нэрлэгдэж, хорт хавдраар хэдэн зуугаараа өвчилж, үхэж, шаналж байхад, үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр нэг ч нэмэгдээгүй байхад улс орон мундаг байлаа, хөгжиж эхэллээ гэж ярьж чаддаг эрх баригчидтай байгаа маань бидний өнөөдрийн цор ганц “бахархал” байж болох юм даа.
Бусдын бүтээсэн, хийж босгосон бүхнийг харлуулан, магадгүй бүхнээс төгс хүн гэж өөрсдийгөө бодсон улстөрчид гарч ирээд юу дуртайгаа хийж, юу дуртайгаа чалчиж, хаана л олон цугласан байна тэнд хоолойн дээд өнгөөр хашхичиж, нийгмийг хямруулж, юунд ч юм уриалдаг боллоо. Зарим нэг нь хэтэрч давраад, хэн нэгнийг буудаж устгаж болох санаагаа бүр УИХ-ын танхимд ил тод зарлахыг бид сонслоо.
• Эрдэнэтийн 49 хувийг гаднынханд худалджээ гэсэн цуу гүтгэлэг, Тавантолгойг 100 хувь гаднынханд өгөх гэж байжээ гэсэн итгэл үнэмшилгүй яриаг популистууд цаашид улам олноор “үйлдвэрлэж” чадна.
• Нийгэм, олон түмэн харанхуй, мэдлэггүй байх тусам тохиолдлын, мэдлэггүй улстөрчдийн популизм гаардгийг бид 90–ээд оноос хойш хангалттай харлаа.
Улстөрчдийн бие биендээ өширхсөн өш хонзон ийм байдалд хүрч ирлээ. Тэгэхээр одоо яах ёстой вэ. Ямар ч үзэл бодол, итгэл үнэмшилгүй, хаашаа л бол хаашаа холбирсон, яг үнэндээ хувийнхаа агуу эрх ашгийнхаа төлөө бараг солиорсон гэмээр зарим нэгнийг дагаж, улс орон улам хямарч байна. Ийм хүмүүс өөрсдийгөө эх орончид, хувьсгалчид гэж цаг ямагт хашхирдаг эмгэгтэй байдгийг бид мэдэх болсон цаг. Тэд өдөр өдрөөр бухимдаж, тэвчээрээ барж буй ард түмний сэтгэл зүйд тохируулан хэн нэгэн хулгайч, улсын өмч, хөрөнгө идсэн уусан тухай ярьж, тэдэнтэй тэмцэн цөхөрч байгаагаа ярьдаг ганцхан сэдэвтэй байдаг.
Харамсалтай нь, ярьж байгаа шигээ өөрсдөө хулгайч, завшигчдын нэг байдаг. Гагцхүү нөгөөдүүлээсээ ялгарах тэдний ялгаа нь асуудал тулгарахад хамгийн түрүүнд амиа боддог, нөхөрлөлийн үнэ цэнгүй, эр хүний жудаг чанаргүй, ичгүүр сонжуургүй, дэндүү увайгүйгээр яаж ч хувирч, хэнээс ч урваж харин ч нэг чаддаг.
Монголд тэдгээр нөхдийн турхираад байгаа шиг хувьсгал аюултай. Яагаад ч юм өнөөдрийн улс төр гучаад оны түүхийг санагдуулах боллоо. Өмч хөрөнгө хураах, хийж бүтээж байгаа нэгнээ гаднынхантай хүчээр холбон Монголыг цөлмөх гэж байгаа тухай фантааз яриа, болж бүтэхгүй байгаа болгонд хэн нэгнийг буруутгах гэсэн хандлага илтээр цухалзаж байгаа нь ийн бодогдуулахад хүргэж байна.
Дээр өгүүлэхдээ одоо яах вэ. Хэмээн асуугаад орхисон. Уг нь ард түмэнд энэ асуултын хариулт бий. Бид үнэхээр үндсэн хуульд заасан шигээ төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан барьдаг эзэд мөн юм бол эзэд шигээ байх хэрэгтэй байна. Нэгэнт бидний төлөөлөл хэмээн сонгосон сонголт буруу байх аваас даруй түүнээ засах эрх ард түмэнд байх учиртай. Яагаад бид төр барих эрхээ ийн хийсвэрлэн, халтуурдаж ойлгоод, дараа нь бухимдан, ядарч зүдэрч, өөрсдийнхөө сонголтод дарлуулж байдаг юм бэ.
Улс төрийг сайн дурын уран сайханч “хог, новш”-нуудаас салгах, тэднийг хазаарлах, эрх баригчдыг цадиг замбараатай болгох, төрийн дээр сандайлах болсон улс төрийн намын амбийцийг дарж эрэмбэд оруулах, төрд жинхэнэ түшээдийг гаргаж, цэрээ цээжинд, бөөрөө бөгсөндөө байлгаж, улс орноо эмх цэгцтэй, сахилга баттай, өндөр хөгжилтэй болгох нь ард түмний ухамсар, мэдлэгээс шууд хамаардаг гэдэг билүү.
Нийгэм, олон түмэн харанхуй, мэдлэггүй байх тусам тохиолдлын, мэдлэггүй улстөрчдийн популизм гаардаг болохыг бид 90-ээд оноос хойш хангалттай харлаа.
Монголын бүтэлгүйтэл бүхэн ганц хүнтэй холбоотой хэмээх туйлшрал, Эрдэнэтийн 49 хувийг гаднынханд худалджээ гэсэн цуу гүтгэлэг, Тавантолгойг 100 хувь гаднынханд өгөх гэж байжээ гэсэн итгэл үнэмшилгүй яриаг популистууд цаашид улам олноор “үйлдвэрлэж” чадна. Монголын Улс төр дэх хамгийн том эмгэг өвчин энэ юм.
Төрийн ордон, гудамж талбай болон хаана ч тэр өнөөгийн улстөрч, төрийн түшээд хэмээх эрхмүүд ард иргэдтэй таарах, зөрөх бүрийдээ сүү долоосон гөлөг шиг гөлөлзөн, бушуухан холдохын түүс болж явдгийг бид мэднэ. Тэдний хэн нь ч бусадтай саатан нүүр бардам ярьж чаддаггүйн учир юу билээ. Шалтгаантай болохоор тэр биз.
Гагцхүү Монголын эрх баригчид, эрхэм түшээдэд маань ийм үнэ цэнгүй, ард түмнээсээ өчүүхэн ч хүндлэлгүй байх нь ичгүүртэй санагддаггүй бололтой. Тэд тэгээд хэр удаан тэсэж чадах бол оо.