Балбад осолдсон онгоцны сүйрлийн шалтгааныг мэргэжилтнүүд урьдчилан байдлаар тогтоожээ. Энэ талаар Их Британийн “ВВС” агентлаг мэдээллээ.
Балбын нийслэл Катманду хотын “Трибхуван” нисэх буудалд өнгөрөгч оны гуравдугаар сарын эхээр Бангладешийн агаарын тээврийн “Bangla Airlines” компанийн “BS211” онгоц осолдсон билээ.
Онгоц Бангладешийн нийслэл Дака хотоос хөөрч Катманду хотноо газардах үедээ осолдсон юм. Тус онгоцонд нийт 67 зорчигч, багийн дөрвөн гишүүн зорчиж явсан аж. Ослын улмаас 51 хүн харамсалтайгаар амиа алджээ.
Уг явдал нь 2012 онд Пакистаны нисэх онгоц Исламабадад осолдон, 127 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдлаас хойш Өмнөд Азид тохиосон хамгийн том ОСОЛ аж.
“BS211” онгоц Дака хотоос амжилттай хөөрч, хуваарийн дагуу 14.20 цагийн орчимд Катманду хотын нисэхэд газардсан боловч газардах зурвасаас гарч, улмаар хашлага мөргөжээ. Ослын дараа их хэмжээний гал гарсан учир аврагчид ослын газар нэвтэрч, зорчигчдын аврахад хүндрэл үүссэн байна.
Онгоцонд Балбын 33 иргэн, Бангладешийн 32 иргэн, БНХАУ-ын нэг иргэн, Мальдивын нэг иргэн зорчиж явжээ.
Онгоц буух зурвасаас ямар шалтгаанаар гарсан нь өнөөг хүртэл НУУЦ байна. Эрх баригчид тухайн үед “Техникийн доголдлоос болж, онгоц осолдсон” гэж мэдэгдэж байв.
Өнөөг хүртэл тодорхойгүй байсан ослын гол буруутанг тус онгоцны НИСГЭГЧ гэж Балбын Аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдлээ.
Осол болох үед нисгэгч хүнд хэлбэрийн “сэтгэл санааны гутрал”-д автсан байсан гэнэ.
Албаныхан өнгөрсөн хугацаанд нисгэгчийн ажлын хамтрагчид болон ойрын хүмүүсээс мэдүүлэг авч, түүнийг олон жилийн турш сэтгэл гутралаар шаналж байсныг тогтоожээ. Нисгэгчийн багш “Тэр их сайн хүн. Мэргэжилдээ ч сайн. Гэхдээ түүний сул тал бол ганцаардмал нэгэн байсан” гэж ярив.
52 настай нисгэгч 1993 оноос хойш Бангладешийн агаарын тээвэрт ажилласан хашир туршлагатай нэгэн гэнэ.
Бангладешийн тал дээрх эрүүл мэндийн дүгнэлттэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлээд “Нисгэгч нислэгт гарахдаа сэргэлэн цовоо байсан. Түүний эрүүл мэндийн үзүүлэлтүүд ч сайн гарсан. Ямар нэгэн сэтгэлийн хямралаар шаналж буй шинж тэмдэг илрээгүй. Нислэгийн үеэр түүний эрүүл мэнд болон сэтгэц хэвийн үзүүлэлтэй байсан. Нисгэгч ямар нэгэн эмч эсвэл эмнэлэгийн хяналтад байгаагүй гэдгийг баталж чадна” гэж мэдэгджээ.
Ослын дараахан зорчигчдын нэг “AFP” агентлагт “Онгоц хэвийн газардаж байсан боловч гэнэт онгоцны сүүл хэсгээс утаа гарч эхэлсэн. Тэр үед ахмад “Бүх зүйл хяналтад байгаа” гэж чанга яригчаар ярьж, биднийг тайвшруулж байсан” гэж хэлжээ.
Онгоц нислэгийн зурвасын өмнөд хэсэгт газардах зөвшөөрөл авсан боловч хойд талаас нь газардсан аж. Нислэгийн удирдлагын төв нисгэгчид яагаад буух зүгээ өөрчилснийг мэдээгүй байна. Онгоцны нисгэгчийн бүтээгт байсан хар хайрцаг болон нислэгийн мэдээллийг хадгалсан хоёр дахь хар хайрцгийг олсон юм.
Эхний хэсэгт сэтгэл гутралд орсон гэгдээд буй нисгэгч “Тамхи татмаар байна. Тамхи байна уу?” гэж хэлж буйгаар бичигдсэн аж.
Мөрдөн байцаагч “Бичлэгийг тайлах явцад нисгэгчийн дуу хоолойноос айдас бас түгшүүрийг мэдэрч болно” гэж ярьжээ.
Уг ослоос гадна сэтгэл гутралд орсон Герман нисгэгч 2015 онд нислэгийн үеэр санаатайгаар онгоцоо осолдуулсан юм. Германы “Germanwings” компанийн нисгэгч Андриас Лубитз ахмадыг бүхээгээс гарах үед хаалгаа цоожилж, жолоог гартаа авч, онгоцыг Альпийн нурууны орчимд осолдуулсан юм. Энэхүү аймшигт ослын үеэр 144 хүн амиа алджээ. Нисгэгч сэтгэцийн гүн хямралд орж, улмаар 2011 оноос сэтгэлзүйчээс зөвлөгөө авч байсныг шалгалтын явцад илрүүлжээ.
Уг үйл явдлын дараахан дэлхийн томоохон авиа компанийн удирдлагууд нисгэгчдийн биеийн эрүүл мэндээс илүүтэй сэтгэцийн эрүүл мэндэд нь ихээхэн анхаарал хандуулан ажиллах болсон юм.