Хятадын албан ёсны статистикийн шинэ тоо баримт эргэлзээтэй
БНХАУ-ын эдийн засгийн албан ёсны статистикийн тооцооны аргачлал тодорхой бус, сэжиг төрөмөөгүй байдаг нь улс төрийн зорилгоор засварлачхаж гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Тус улсын 2018 оны эцсийн улирлын статистик ч мөн адил гарлаа.
БНХАУ-ын улсын Статистикийн хорооны тооцоог үзвэл 2018 оны сүүлийн гурван сард эдийн засаг жилийн өмнөх үеэс 6.4 хувиар өссөн юм байна. Энэ тоо өмнөх улирлын 6.5 хувиас бага, дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс хойш тохиолдож буй хамгийн удаан өсөлт. Гэхдээ сүйрэл биш. Эдийн засаг 6.6 хувийн өсөлттэй байгаа нь Бээжингийн тунхагласан 6.5 хувийн зорилтоо давсан хэрэг.
Засгийн газрын статистик нь Bloomberg Ecnonomics-аас хөгжүүлсэн итгэмжлэгдсэн хэрэглүүр ашигласан тооцоотой дүйж буй нь тохиолдлын хэрэг байж болох. Хятадын эдийн засгийн тунхаглалуудыг хардахаа зогсооход хэт эрт ч байж болзошгүй. Тоонуудыг “хүн хийдэг юм” хэмээн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян нэгэнтээ хэлж байв. Нийт 13.5 их наяд ам.доллараар хэмжигддэг эдийн засгийг гуравхан долоо хоногт шуурхай гаргаж орхидог нь яах аргагүй эргэлзээ төрүүлэх шалтгаан.
Хятадын статистикийг эдийн засагч нар хөндлөнгийн итгэмжлэгдсэн хэрэглүүр ашиглан учрыг нь олохыг оролддог. Жишээ нь, Bloomberg Economics статистикаа гурван үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Эхнийх нь, үйлдвэрлэлийн гарц, жижиглэн худалдааны хэмжээ зэрэг үзүүлэлтийн дунджаар хэмжсэн ДНБ-ий сар тутмын үзүүлэлт. Хоёр дахь нь, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын эрчим хүчний хэрэглээг ДНБ-д эзэлж буй тухайн салбарын хувь хэмжээтэй уялдуулан тооцсон цахилгааны индекс. Сүүлийнх нь Ли Көчяны индекс буюу цахилгаан хангамж, төмөр замын ачаа тээвэр, банкны зээлийн хэмжээнд тулгуурладаг, албан ёсны статистикаас арай үнэмшилтэй Ерөнхий сайдын тооцоо юм.
Эдгээр алтернатив хэмжүүр БНХАУ-ын албан ёсны статистиктай тэр бүр таардаггүй. Жишээ нь, 2015 онд хятадын ДНБ-ий өсөлтийг Bloomberg Econonics болон хөндлөнгийн хэд хэдэн эдийн засагч таван хувиас доошилсон хэмээн таамагласан. Харин сүүлийн улирлын дүнд албан ёсных, хөндлөнгийнхтэй их, бага хэмжээгээр дүйлээ.
Азийн санхүүгийн хямрал хөршүүдийг нь нэрвэсэн 1998 онд эрчим хүчний хэрэглээнээс агаарын зорчигч тээврийнх хүртэлх бүхий л үзүүлэлт эдийн засгийн өсөлт унасныг харуулж байв. Питтсбургийн их сургуулийн Хятадын эдийн засгийн эксперт, профессор Томас Ровски мөн онд Хятадын эдийн засаг 2.2 орчим хувиар өссөн тооцоо гаргасан юм. Харин БНХАУ-ын албан ёсны статистик 7.8 хувийн өсөлт заажээ.
Зөрүү арай дэндүү байсан тул Хятадын удирдлага дуугарахаас аргагүй болов. Тухайн үеийн Ерөнхий сайд Жу Рунжи статистик тогтолцоонд “хэт гоё, хуурамч мэдээллийн үнэр ханхалж байгаа”-г анхааруулсан. Дараагийн хэдэн жилд улсын Статистикийн хороо чухал үүрэг гүйцэтгэж, хуудуутай мэдээлэгч орон нутгийн удирдлагыг шахан зайлуулах арга хэмжээ авсан юм. Гэхдээ л өөрчлөлт удирдлагын дээд түвшин дэх ашиг сонирхлын зөрчлийг арилгаж чадаагүй. Угаасаа Статистик тодорхойлогч улсын Статистикийн хорооны дотоод ажиллагааг өнгийн харах аргагүй.
Хятад улс дэлхийн эдийн засагт шалихгүй 3.3 хувь эзэлж байсан тэртээх 1998 онд статистикийг нь сонирхдог эрдэмтэд цөөн байв. Тэгвэл 2018 оны дэлхийн эдийн засагт бараг 16 хувь эзэлж буй Хятад улсын статистик үнэн зөв байх нь АНУ-ын Холбооны Нөөцийн Системээс эхлээд бүгдийн эрх ашигт хамаатай болов. Ирээдүйг харах аваас хоёр зүйл итгэл төрүүлж байна. Нэгдүгээрт, Хятадын удирдагчид зургаан жилийн өмнө Ши дарга өсөлт “жинхэнэ, ус холиогүй байх ёстой” хэмээн хэлсэн үгийг ойлгосон бололтой. Хоёрдугаарт, дэлхийн хөрөнгө оруулалтад нээлттэй болж буй Хятадын санхүүгийн тогтолцоонд итгэл төрүүлэх, үнэн зөв статистик чухал. Сүүлийн шинэ статистик магадгүй чиг хандлага өөрчлөгдөж буйн илрэл ч байж болно.