Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн дээд зиндаанд “Катаонами” дэвжээний бөх, сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваатайгаар (2 унасан) түрүүллээ. Тэрбээр 34 насандаа Японы Эзэн хааны цом хүртэж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмо бөхөөр 15 жил хичээллэхдээ 10 жилд нь макүүчи зиндаанд барилдсан юм.
Түүнийг Эзэн хааны цом хүртсэн энэ баярт өдөр эхнэр нь амаржиж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн баярт мөч тохиолоо. Тамаваши түрүү бөхийн ярилцлага өгөхдөө нулимсаа барьж тэвчсэнгүй. Тэрбээр "Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн олон хүнд талархах сэтгэл төрж, баярын нулимс унагаж байна. Маш урт өнгөрлөө, энэ башё. Анх удаа түрүүлэх бөхийн сэтгэл зүйг мэдэрч үзлээ. Одоо л сэтгэл санаа тайвширч байна. Маш их баярлалаа, цаашид хичээж барилдана. Өнөөдөр хүүтэй болж, сайхан мэдээ сонслоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ башёд амжилттай барилдаж байсан ч өчигдөр /2019.01.26/ дэвжээнд гаралгүй өнжсөнөөр Хацү башёг 10 даваа, дөрвөн унаатай өндөрлүүллээ.