Тулааны спорт хүндлэлээр эхлээд хүндлэлээр төгсөх ёстой!
Монголын Холимог Тулааны Урлагын Холбооноос зохион байгуулсан MFC тэмцээнийг үзэж сонирхлоо. Тус тэмцээнд урьдал 5 тулаан, үндсэн 5 тулаан болсон юм. Үндсэн тулаанд Монгол улсын 5 тамирчны эсрэг ОХУ болон Казахстан улсын 5 тамирчин туллаа. Тамирчдаа дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчдэд Аса циркийн суудал хүрэлцсэнгүй. Үзэгчдийн сэтгэлийг огшоосон тулаанууд гарсан шөнө байлаа. Харин тэмцээн дууссаны дараа сошиал орчинд Ангууч хочтой Б.Баттөр, Нарантуул захын зам дагуу ус ундааны мухлаг ажиллуулдаг О.Пүрэв нарын тус тусын тулаан ярианы сэдэв болж байна.
"Ангууч булхайцлаа, Ангууч жудаггүй, Далдгар бацаан байна шдэ..." гэх сэтгэгдэл энд тэндгүй урссаар... Тулааны тэмцээнд дэвжээний шүүгч тэмцээн эхэлсэн дохио өгмөгч 2 тамирчин бээлийгээ нийлүүлж нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлснээр тулаан эхэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг юм. Ангууч хочтой Б.Баттөр түүний өрсөлдөгч Казахстаны байлдааны самбын 2 удаагийн аварга Кабдулла Али нарт дэвжээний шүүгч тэмцээний үеэрх анхааруулгыг хэлээд тус тусын буланруугаа буцаж зогсохыг шаардав. Ингээд хонх дуугарч тулаан эхэллээ. Тамирчид нэг нэгэнрүүгээ гараа сунган бээлийгээ хүргэж хүндлэл үзүүлэхээр урагшиллаа.
Казахстаны тамирчин хүндлэл үзүүлэн гаргаа сунгатал Ангууч өрсөлдөгч тамирчнаа гэнэдүүлэн шууд цохиод унагчихав. Заал шуугилдаад явчихлаа. Ангууч дээр нь гарч нэлээд хэд цохиод авав, харин өрсөлдөгч нь бөх суурьтай учир хэвтээгээс хөлийг нь өчихөд Ангууч буулт хийн Казахстан тамирчин тэмцээн эхлээд 20 секундын дотор цэвэр ялалт байгууллаа. Өрсөлдөгч тамирчиндаа хүндэтгэл үзүүлэлгүй гэнэдүүлж цохиж тулаанаа эхэлсэн энэ үйлдэлд тулаан сонирхогчид дургүйцлээ илэрхийлэн "Хүртэх ёстойгоо хүртлээ"... гэх сэтгэгдлүүд цуварсаар байна. Тулааны спорт бол тэмцээн эхлэхэд тамирчид нэг нэгэндээ хүндлэл үзүүлж эхлээд тэмцээн дуусахад нэг нэгэндээ хүндлэл үзүүлж дуусдаг эр зоригын спорт билээ. Өрсөлдөгчөө хүндлэхгүй бол өрсөлдөгч өөрийг нь хүндлэхгүй. Залуу тамирчин цаашид анхаарна бизээ.
Харин тулаан сонирхогчдын баяр бахдлыг төрүүлсэн тамирчин бол О.Пүрэв байлаа. Түүнийг Нарантуул захын урдах нарны зам дагуу "Пүрэвийн ус ундаа" гэж бичсэн мухлаг ажилуулдаг, амьдралын төлөө зүтгэж яваа эгэл бор залуу гэдгээр нь Монгол түмэн мэддэг болсон.
О.Пүрэв нь 2013 онд MGL-1 холимог тулааны тэмцээний 57 кг жингийн аварга болж байсан бөгөөд 2015 онд тус тэмцээний кикбоксын 60 кг жингийн аваргын төлөөх сорил тэмцээнд "Ширэн бээлий" клубын тамирчин З.Шинэчигтгад хүнд цохилтонд орж ялагдсанаас хойш нэг хэсэгтээ тулаан хийгээгүй юм. 2017 онд О.Пүрэв өөрийгөө дайчлан бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсээр өмнөх өрсөлдөгч З.Шинэчигтгатай дахин тулаан хийж боох мэхээр ялалт байгуулан эргэн ирж байгаагаа харуулаад авсан. Харин энэ удаад өрсөлдөгч самбо бөх суурьтай Казахстаны холимог тулааны тамирчин Габдуллин Алишерыг 2-р үе дуусахаас өмнөх 5 секундэд боох мэхээр цэвэр ялалт байгуулав.
О.Пүрэвийн баярын нулимс...
О.Пүрэв тэмцээний дараа "Намайг дэмжихээр ирсэн Монгол ахан дүүстээ баярлалаа. 8 настайдаа нүүрс түүж, 10 настайдаа зах дээр тэрэг түрж ундаа зарж байсан намайг өдий зэрэгт хүрэхэд минь Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг их байсан юм шүү. Би өшөө их хичээж та бүхнийхээ ачийг хариулах болно" хэмээн ринг дээрээс хоолой нь зангиран сэтгэгдэлээ хуваалцсан нь тэмцээн үзэхээр ирсэн үзэгчдийн зүрх сэтгэлд хүрч түүнд баяр хүргэж хүндлэл үзүүлж байсан юм. Сонирхуулахад О.Пүрэвийн багш нь Холимог тулааны "One Championship" холбооны Дэлхийн аварга, МУ-ын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг юм.
Зүүн гар талаас "Ангууч" буюу Б.Баттөр, Нарантуул зах дээр наймаа хийдэг О.Пүрэв нар...
Хоёр өөр орчинд төрж өссөн хоёр өөр тамирчин нэг үдэш, нэг дэвжээнд ээлж дараалан гарч тулалдсан ч нэг нь Монгол түмэндээ шүүмжлүүлэн, нэг нь Монгол түмнээрээ хүндлүүлсэн тулаан болж өндөрлөлөө.
Тулааны спорт хүндлэлээр эхлээд хүндлэлээр төгсөх ёстой.
Хүндэтгэсэн: Б.Баярбямба (@Цахим Эмч)