М.Энхболд: Өвлийн уралдааныг уламжлал гэж ярьдаг хүн үндсэндээ байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээний үеэр 10 настай хүүхэд амь насаа алдсан явдлыг хөндөв.
Тэрбээр “Сүүлийн 20 жилд 30 гаруй морь унаач хүүхэд амь насаараа хохирч, 300 гаруй хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Хурдан морины унаач хүүхдүүд амь насаа алддаг байдлыг бид нухацтай авч үзье. Хүүхэд амь насаа алдаж байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцдог байя” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газрын зүгээс өвлийн уралдаантай холбоотой асуудлыг анхаарч ажиллаж байгаа. Уг нь Засгийн газраас тавдугаар сарын 1 хүртэл 12 хүртэлх насны хүүхдийг морины уралдаанд оруулахыг хориглосон шийдвэр гарсан. Өнөөдөр уяачид энэ асуудлаар хуралдаж байгаа юм билээ. Засгийн газраас анхааруулаад л байгаа. Гэтэл уламжлалт зан заншлыг алдагдуулж байна гэж эсэргүүцэгчид олон байна. Тэгэхээр уяачдын холбооноос шийдвэр гаргах байх. Засгийн газрын зүгээс аймгийн удирдлагуудад чиглэл өгч ажиллана” гэсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт болон холбогдох байгууллагуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох чиглэл өгсөн. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм байна. Морины ажил хийж байх үед хүүхэд осолдсон гэсэн мэдээлэл байна” гэсэн тайлбар өгөв.
Харин УИХ-ын дарга М.Энхболд /ММСУХ-ны ерөнхийлөгч/ “Хурдан морины хүүхдийн асуудалд онцгой анхаарах ёстой. Үүнийг зохицуулах талаар төрийн байгууллага, уяачид бүгд анхаарах ёстой. Яг өвлийн уралдааныг уламжлал гэж ярьдаг хүн үндсэндээ байхгүй. Тиймээс нэгдмэл ойлголтод хүрч, орон нутагт дур зоргоороо зохион байгуулж байгаа уралдааныг зогсоох чиглэлээр Засгийн газар ажиллах хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.