Бөхийн холбооны маргаан жил дамнан үргэлжилж асуудал улам даамжирч “Монгол бөхийн өргөө”-г хаах хүртэл хурцадсан. Тэгвэл өчигдөр /2019.01.24/ талцсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүүд “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Тодруулбал Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Улсын аварга Н.Батсуурь нарын бөхчүүд болон Үндэсний бөхийн холбооны тэргүүн гэгдээд буй Л.Чинбат, яруу найрагч Ү.Хүрэлбатаар нар уулзаж, ойлголцолд хүрсэн аж.
Улмаар бөхийн холбооны ээлжит “Их эе” хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-нд хийхээр товлож, уг хурлыг Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулах тохиролцолд хүрч Л.Чинбат, Х.Баянмөх, Б.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зуржээ.
“Ойлголцлын санамж бичигт” Бөхийн өргөөг нэн даруй нээж сар шинийн барилдааныг тус өргөөнд зохион байгуулна гэдгийг онцлон дурдсан байна.